Монгол Улс Залуучуудын хөгжлийг дэмжих бие даасан хуультай боллоо


7 жил

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2017.05.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хийж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзжээ.  

Байнгын хорооны Ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийх явцад санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй зарим засвар, өөрчлөлт хийсэн байна. Мөн “Залуучуудын хөгжлийг дэмжих сан” байгуулах тухай зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн тул чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх учир Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс шалтгаалахгүйгээр хуулийн төслийг батлах боломжтой гэж Ажлын хэсэг үзсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, Н.Учрал, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг нар салбарын сайд болон Байнгын хороо, Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд энэ удаагийн Улсын Их Хурал улс орны хөгжлийн ирээдүй болсон, хүн амын багагүй хувийг эзэлдэг залуучуудынхаа хөгжлийг дэмжих чиглэлээр чухал арга хэмжээ авч бие даасан хуультай болж буйд талархалтай хандаж байгаагаа илэрхийлээд хуулийг дагаж гарах журмуудыг шуурхай боловсруулан гаргаж хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар санаачлагатай ажиллах шаардлагатайг онцолж байв.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувийн саналаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүдийн 76.6-81.2 хувийн саналаар эцэслэн баталсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү