Эрчим хүчний сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад "ТЭЦ-4" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байсан Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий зарим этгээдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байдаг.
Тэгвэл цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөө өглөө 09.00 цагт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, Н.Тавинбэх болон түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч МУ-ын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогджээ. Мөн зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан одоогийн байдлаар 3 хүнийг сэжигтнээр баривчилсан бөгөөд 21 газарт прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулсан байна.
Нэгжлэгээр Н.Тавинбэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авсан байдаг.
0
0
0
0
0
0