Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан


3 цаг

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр: "Гишүүд шууд бүлгийн хурал руу орж хэрүүл хийх үү? Тодорхой хэмжээний зөвшилцөлд хүрч байж бүлгийн хурлаа хийх үү? гэдэг асуудлыг ярьж байна. Түүнээс биш хэн нэгний талд байгаа хүмүүс УИХ-ын даргын зөвшилцөлгүйгээр, Ерөнхий сайдын визгүйгээр уулзлаа гээд шууд хэрүүл л болно.

Хоосон хэрүүл болно гэдгийг бүгд мэдэж байгаа. Бид хамгийн гол нь улстөрийн акц хийж байгаа. Үүнийг МАН-ын УЗ шийдвэрлэнэ. Гэтэл УЗ яагаад хуралдахгүй байгаа юм?

Маргааш өдөр 12 цагаас МАН-ын бүлэг хуралдана. Засгийн газрын хуралдаан бид нарт ямар хамаатай юм бэ? Орж ирэх нь орж ирнэ биз.

МАН-ын бүлэг хоёр тийшээ тас битгий үсрээсэй гээд эвлэрэх асуудлыг би өнөөдөр ч хийгээд явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд тодорхой хэмжээнд бодол санаа нь ямархуу байна гээд зөвшилцөлгүй яах вэ дээ, энэ чинь төр ажиллаж байна шүү дээ.

Мэдээж Ерөнхийлөгч намын дотоод асуудалд орохгүй. Гэхдээ ядаж мэдээлэл өгөх хэрэгтэй шүү дээ. Бүлгийн даргын хувьд хамгийн том нам нь улстөрийн тогтворгүй байдал руу орчихлоо гэдэг мэдээллийг солилцох хэрэгтэй.

Энэ чигээрээ цаашаа явбал бүх юм зогсох гээд байна шүү дээ. Хоёр тал бичигнүүдээ татаж аваасай гэдэг саналыг хүртэл хүргүүлээд явж байна. Намайг мэдээлэл хийснээс хойш нүүрсний оффтейк гэрээнүүд ил болж, монголчууд нүүрсээр амьсгалж байна. 3 орчим их наяд төгрөгийн хэмжээний асуудал яригдаж байгаа. Яг ийм хэмжээний мөнгөтэй холбоотой, дотор гэдсийг нь гаргаж ирээгүй байсан. Нүүрийг нь л яриад байсан.

Ерөнхий сайд болон УИХ-ын даргын хүрээнд ч уулзалтууд болсон. Үүнийг нуугаад байх шаардлагагүй.

Төсвөө дуусгах хэрэгтэй. МАН-ын Бага хурал ч болно. Тийм ч учраас төсвөө ярилцаж, засагт төр бүтэн байх, магадгүй хоёр тал зөвшилцөөд бичигнүүдээ татацгаах юм бол гол асуудал улсын төсөв болно гэдэг асуудлыг ч ярьсан. Тийм учраас бүлгийн хурал дээр хоосон хэрүүл битгий болоосой гэж хүсч байна." гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү