УИХ дахь МАН-ын бүлэг хуваагдаж, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг огцруулах асуудлаар нэг хэсэг нь бүлэг, нөгөө хэсэг нь намын Удирдах зөвлөл хуралдах ёстой гэсэн ялгаатай байр суурь илэрхийлж байна.
Тэгвэл энэ тал дээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар,
"Уулзаж ярилцах, нөхцөл байдлыг дүгнэх шаардлага бий. Тэр үүднээс уулзалтууд хийсэн.
УЗ бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хуралдаж болдоггүй дүрэмтэй. Төлөөллийн төв байгууллага буюу Бага хурлаас энэ албан тушаал сонгогддог. Бага хурлаас Удирдах зөвлөл байгуулагддаг. Тийм учраас УЗ нь Бага хурлын шийдвэрээр хуралдвал дүрмийн зөрчил болно. Хоёрт, УИХ дахь МАН-ын бүлэг намын Удирдах зөвлөлөөс чиглэл авч хуралддаггүй. Намын ажил, төрийн ажил тусдаа гэдгийг хуульд зааж өгсөн. МАН-ын УЗ бол тодорхой цаг үеийн асуудлаар хуралдана, хуралдахаар бид ажиллаж байна.
Манай намын 300 гаруй мянган гишүүд хуваагдаж хагарсан зүйл байхгүй. Парламент дээрх бүлгийн 68 гишүүн л санал зөрөлдөж байгаа. Улсын эрх ашгийн төлөө уулзаж нэгдэж ярилцах газар нь бол МАН-ын бүлэг.
Б.Энхбаярыг намын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг эргэж харах хүсэлтийг нэр бүхий гишүүд Хяналтын ерөнхий хороонд тавьсан. Хяналтын ерөнхий хорооны өмнөөс байр суурь хэлж болохгүй. Энэ бас Их хурлаас байгуулагддаг тусдаа байгууллага юм.
Ер нь бүх юм хууль, дүрэм, журмаар явах ёстой" гэлээ.