УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр "МАН-ын бага хурлын гишүүдийн үнэмлэхгүй олонхын саналаар намын даргаар миний бие сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөд маань ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, намайг гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлж байна. Харамсалтай нь гүйцэтгэх засаглалын зүгээс парламентийн үйл ажиллагааг доголдуулж, бойкотолж эхэллээ. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хурал болсонгүй. Миний хувьд тус хорооны гишүүдийн саналыг үндэслэн, цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн мэдээлэл авах ёстой хэмээн үзсэн. Ард түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл авахаас илүүтэй мэргэжлийн байгууллагын хороо, хууль хяналтын байгууллагаас бодит мэдээллийг авах ёстой гэж үзсэн ч байнгын хороо хуралдаж чадсангүй.
Хоёр жилийн хугацаанд намайг ор үндэсгүй гүтгэсээр ирлээ. Улс төрийн дарамт, дарангуйлал бүрэн тогтсон байгааг өөрийн биеэр мэдэрч байна.
Хэвлэл мэдээллээр, намайг нүүрсний хулгайч хэмээн зарлаж явсан хүнийг ХЗДХ-ийн сайдаар томилох мэдэгдлийг хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нүүрсчин болгох гэж гүтгэж байсны учиг одоо тайлагдлаа, эцэст нь тэр сайдын албан тушаалаар шагнагдаж байна. Өнгөрсөн хугацаанд би гэмт хэрэгт холбогдож, гэрчийн мэдүүлэг өгч байсан удаагүй.
Сүүлийн өдрүүдэд улс төрийн албан тушаалтан удаа дараа худал мэдээлэл хийж, олныг төөрөгдүүлж байна. Монгол Улс ардчилсан нийгмээ алдах эрсдэлд орж байна. Парламентад суудалтай бусад намын гишүүдэд ч хандаж хэлмээр байна. Баталгаатай нотолгоотой баримттай хандах нь зүйтэй. Улс төрийн нам хоорондоо цэвэр өрсөлдөөн явагдах учиртай.
АН-ын улс төрийн зөвлөл болон бүлгээс өнөөдөр гаргасан шаардлагыг би хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн УИХ-ын чуулганд албан ёсны тайлбар хийх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна.
Би ЦЕГ-т намайг гүтгэсэн асуудлаар гомдол гаргасан. Үүний дагуу ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт хандан хүсэлтийн дагуу яаралтай шуурхай ажиллахыг хүссэн. Гэтэл магадгүй гомдлын хариуг өгүүлэхгүйн тулд улс төрийн дарамт үзүүлж байгаа байж болзошгүй байна. Энэ оны 3 дугаар сарын 2-ны өдөр талийгаач болсон этгээдтэй холбоотой хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг өгчээ. Өөрөөр хэлбэл прокуророос хэргийг хаасан. Ар гэрийнх нь зүгээс "цагдаагийн газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэл тогтоогдоогүй, ном журмынх нь дагуу сүүлийн замд үдсэн" гэсэн мэдээлэл хийсэн. Нөгөөтээгүүр намайг энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье.
Намайг гүтгэгч этгээд "Д.Амарбаясгалан 30 сая ам.долларыг авсан, хүний амь хөнөөсөн" гэж хэлсэн. Би 4 хүүхдийн эцэг хүн. Би улс төрчдийн шунал, эрх мэдлээс болж гүтгэгдэж доромжлогдох учиргүй.
УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангахад АН-ын бүлгээс тайлбар хийх хүсэлт ирүүлсэн. АН-ын дарга О.Цогтгэрэлд намынхаа бүлгийн хуралд намайг оролцуулж, үүсээд байгаа нөхцөл байдалд тайлбар хийх боломж олгохыг хүсэж байна. Гүйцэтгэх засаглалын байгууллага парламентаас сонгогддог. Надаар дамжуулж парламентийн дуу хоолойг боомилж, үйл ажиллагааг доголдуулж, улс төрийн хямрал үүссэн мэт нөхцөлд хүргэх гэсэн оролдлогоо таслан зогсоохыг Г.Занданшатар даргаас шаардаж байна. МАН олон удаа хуралдсаар ирсэн. Харамсалтай нь ялагдсан журмын нөхөд маань бусдынхаа итгэл рүү эсрэг ус цацаж, 300 гаруй мянган гишүүний санааг зовоож буйд харамсаж байна" гэлээ.