"Хүүхдүүдэд 100 төгрөгөөр захидал хэвлүүлж, тараасан"


15 цаг

Хичээлийн шинэ жилээр буюу 2025 оны есдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарын нэр бүхий захидал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад очсон. Энэ талаар Боловсролын сайд мэдээлэл өгөхдөө "Нийт 10 тонн захидал хэвлүүлж, хүүхдүүдэд тараана" гэдгийг яриандаа онцолсон. Олон нийтийн зүгээс сурагчдын сурах бичгээ хэвлүүлж чадахгүй байж, улсын төсвөөр олон мянган захидал хэвлүүлсэнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ асуудалд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.09.02/ тайлбар өгөхдөө "Надад нэг асуулт цахимаар ирсэн. Намайг тэрбум төгрөгөөр сурагчдад захидал бичиж, хэвлүүлсэн гэдэг ташаа мэдээлэл цацагдаж байна. Энэ боломжийг ашиглан залруулга хийе. Нэг хүүхдийн захидлыг 100 төгрөгөөр "Монгол шуудан" ХК хэвлэсэн. Энэ бол Ерөнхий сайд Г.Занданшатарын захидал бус Засгийн газраас хүүхдүүддээ хандаж, сайн сураарай гэж захидал бичсэн. Ингэхдээ Боловсролын яам, анги болгоны багш нартай зөвлөлдөн хүүхдүүдэд хэрхэн урам өгч, яаж зөв хүн болгох вэ гэдэг зорилгоор захидал бичсэн. Энэ захидал дээр жишээлбэл, анги болгонд өөр өөр, сургалтын хөтөлбөртэй нь уялдуулж бичсэн.

Нэгдүгээр ангийн сурагчдад "Номын сайн нөхөр болоорой", "Цагаан толгойн үсгүүдээ сураарай" гэж захисан бол хоёрдугаар ангиас англи хэл сурч байгаа учраас "Эх хэл, эх орныхоо түүхт хайртай байх нь чухал шүү" гэж бичсэн. Гуравдугаар ангийн сурагчдад "Өдөр бүр англи хэлээ давтаж, цаашид өөрийгөө илэрхийлэх чадвартай болж, ирээдүйд олон хаалгыг нээх болно. Ингэхийн тулд эх хэлээ сайн эзэмших хэрэгтэй" гэж бичсэн.

Зургадугаар ангиас орос хэл, газар зүйн хичээлийг сонгон суралцах учраас "Дэлхий ертөнцтэй илүү сайн танилцуулах, орос хэл, газар зүйн хичээлээ шимтэн суралцаарай" гэж бичсэн. Гэтэл зөвхөн нэг хэлийг онцолсон юм шигээр мэдээлэл цацаж байна. Захидал бичихийг УИХ-ын гишүүд болон би ч тойргийнхоо гишүүдэд захидал явуулж байсан. Хүүхдэд маш их урам өгдөг юм билээ. Хүүхдийг бурмаар тэтгэхээр урмаар тэтгэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Нэг хүүхдэд 100 төгрөгөөр захидал бичихдээ улсын төсвөөс мөнгө зарцуулаагүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид зохион байгуулж, хүүхдүүдэд урам өгсөн" гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү