С.Бямбацогт: Төрийн өмчит компанийн захирлуудын цалинг УИХ-ын гишүүн, сайдуудын цалинтай дүйцүүлнэ


14 цаг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэр болон 2026 оны төсвийн төслийн талаар Ерөнхий сайд болон холбогдох яамдын сайд нар мэдээлэл өглөө.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг танилцуулав.

Тэрээр, Эрдэнэс Таван толгой компанид онцгой дэглэм тогтоож БЭТ томилсноор өмнө сардаа 1.7 сая тонн нүүрс борлуулдаг байсан бол одоо 2.7 сая тоннд хүрсэн. Тээвэрлэлтийн хэмжээ 400 мянган тонноос 600 мянган тонн болж өсөв. Экспорт 1.2 дахин нэмэгдэж, сарын дундаж орлого 120 сая ам.доллараас 150 сая ам.доллар болсон. 

Мөн олборлолт 2.3 сая тонноос 2.6 сая тонн болсон. Төрийн өмчит компани дээр шахааны бизнес хийж, алдаа гаргасан албан тушаалтнуудад хуулийн байгууллагаар хариуцлага тооцсон гэв.

Цаашлаад Эрдэнэт үйлдвэрийн дэргэд зэс хайлуулах үйлдвэр байгуулна. Үүнийг шахааны зарчмаар бус, стратегийн хөрөнгө оруулагч болон технологи эзэмшигч компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан компанитай хувьцаа эзэмших байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тулгуурласан ган боловсруулах үйлдвэрийг мөн ижил зарчмаар барина. Одоогийн байдлаар тус үйлдвэр 100 мянган тонны хүчин чадалтай ч 15 мянгыг л хайлуулж байгаа тул үндсэн чиглэлдээ эргэн төвлөрөхийг даалгасан байна.

Мөн төрийн өмчит компанийн захирлуудын өндөр цалинг цаашид тогтмолжуулж, УИХ-ын гишүүн, сайдуудын цалинтай дүйцүүлнэ. Үр дүнгээс нь шалтгаалан улирал тутам урамшуулал, нэмэгдэл олгох тогтолцоонд шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.

УИХ-ын  238 мянган төрийн албан хаагчийг 218 мянга болгон есөн хувиар цомхотгох шийдвэр гарсан. Энэ ажлыг тэтгэвэрт гарсан, ажлаас халагдсан хүмүүсийн оронд шинэ хүн авахгүйгээр хэрэгжүүлэх бөгөөд ажилтнуудыг хохироохгүй байх зарчим баримтална. Мөн төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгох ажлыг эхлүүлсэн гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү