МАН жинхэнэ коммунист зам руу орох жим татах нь.
Тодруулбал, өчигдрийн бүлгийн хуралдаанаараа намынхаа дотоод үнэлгээний журам гэгчээ ХААЛТТАЙГААР хэлэлцсэн нь асуудал дэгдээв. Бүлгийн 68 гишүүндээ оноо өгч, ЗГ, намын бүлгийн шийдвэр, өргөн барьсан хуулийг дэмжээгүй тохиолдолд 10 оноо хасдаг, улстөрийн дэмжлэг үзүүлдэггүй болгох зорилготой.
- Хамгийн их оноогоо хасуулсан гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, сонгуульд нэр дэвшүүлэхгүй, албан тушаалд томилохгүй
- Бага оноотой 10 гишүүнд бүлгийн дарга, дэд дарга нар анхааруулга өгнө,
- Анхааруулгыг гурав ба түүнээс дээш зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулсан байна. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож сонссон бөгөөд гишүүд нь дэмжихгүй хэл ам татлажээ. Улмаар бүлгийн гишүүдийнхээ хэлсэн саналыг тусгаж, дахин боловсруулж оруулж ирэхээр хойшлуулсан байна.
Энэ тухай сураглахад, МАН бүлгийнхээ журамд үнэлгээний систем нэвтрүүлэхээр 2024 оны арваннэгдүгээр сард ярилцсанаа өдгөө ажил хэрэг болгохоор шуударсан нь энэ аж. Тэгэхээр энэ санаачилга МАН-ын бүлгээс гарсан гэж ойлгогдохоор байна. Намын гишүүд нь ч тэгж батлав.
Энэ парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатар, дэд даргаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Алдаржавхлан, Г.Дамдинням, У.Отгонбаяр нар ажиллаж байгаа билээ. Тэгэхээр гишүүдээ оноожуулах санаачилга бүлгийн гишүүдэд нь дэмжигдэхгүй чигтэй.