Б.Жаргалмаа: Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад нэн ховор эм бус яагаад тураах эм орсон юм бэ


1 сар

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Ш.Энхтуяагаас дараах асуултыг асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Нийгмийн эрүүл мэндийн тухай хуульд Халдварт өвчний бүх эмчилгээ үйлчилгээг төрөөс үнэгүй даана гэж заасан ч, хамрагдаж чадаагүй гэх иргэн байна. Глобал сан ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар болон сүрьеэгийн бүхий л асуудлыг дангаараа хариуцаж байгаа. Хэрэв  Глобал сан үйл ажиллагаагаа зогсоочихвол ЭМЯ энэ асуудлыг бүрэн орхигдуулах хэмжээнд байна. Энэ чиглэлийн өвчнөөр өвдсөн иргэд Глобал сан үйл ажиллагаагаа битгий зогсоогоосой гэж хүсэж байна.

Гэтэл яагаад 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл  ДОХ, БЗХӨ-нөөс сэргийлэх эмийг ЭМЯ, Эмийн бодлогын зөвлөл нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулаагүй байгаа юм бэ. Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн байнга уудаг эмийг жагсаалтад яагаад оруулж чадаагүй юм. Судалгаагаа яаж хийдэг юм бэ. Иргэдийн саналыг хэрхэн сонсдог вэ. Ер нь ямар тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад эмийг оруулдаг юм бэ. Нэг тодорхой хариулт өгөөч. Тэр дунд яагаад тураах эм оров. Хэний шахалтаар орсон юм бэ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Ш.Энхтуяа:

-Би эм, эмнэлгийн хэрэгслийн хянан зохицуулалтын газрын даргаар долоо дахь сардаа ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад Эмийн хууль батлагдсанаас хойш долоон удаа өөрчлөлт орсон. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн тэргүүнд хэрэглэхээр заасан эмийн жагсаалт байдаг. Энэ жагсаалтыг гаргахын тулд ажлын хэсэг гарж, хүний эмийн зөвлөлд танилцуулж, тэр зөвлөлийн танилцуулгын үндсэн дээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагддаг. Эмийн агентлаг байгуулагдахаас өмнө ЭМЯ хариуцаж, хүний эмийн зөвлөлөөр хэлэлцэж байсан юм байна.

Хамгийн сүүлд 2022 онд эмийн агентлагт ажлын хэсэг гарж, хүний эмийн салбар зөвлөлөөр арванхоёрдугаар сард хэлэлцсэн. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлахдаа ДЭМБ-аас баримталдаг  шижиг шалгуурыг үндэслэж гаргадаг.

Эмийн сонсголын түр хорооны дарга Ж.Чинбүрэн:

-Иргэн төр хоёр яаж холбогдож ажиллаж байгаа юм бэ. Иргэд бидэнд хэрэгтэй эмийг аваад өгөөч гээд байна. Эмийн бодлогыг хариуцан ажиллаж байгаа та бүхэн иргэдтэйгээ яаж холбогдож ажилладаг юм бэ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Ш.Энхтуяа:

-Эмийн агентлагийн даргаар ажиллаад удаагүй байгаа гэдгээ өмнө хэлсэн. Уналт таталттай иргэдийн, элэгний В, С вирустай иргэдийн ТББ гэх мэт төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, гарц гаргалгааг хайхад чиглэсэн эмийн зохистой хэрэглээний сургалтуудыг өнгөрсөн онд хийсэн. Монгол Улсад одоо байгаа хуулиараа эмийг бүртгүүлэхэд цаад үйлдвэрлэгч буй гадны нэг үйлдвэрлэгч хүсэлт тавьж, түүнийг нь тусгай эрхтэй байгууллага бүртгэх процесс явагддаг. Монгол Улсын эм ханган нийлүүлэх салбар 30 гаруй жил хувийн хэвшлийн байгууллагад шилжиж, тэд эмийн асуудлыг хариуцаж ирсэн. Гэтэл энэ тогтолцоо буруу байсан.

Тийм учраас тасалдал үүссэн, ховор эмүүдийг төрийг зохицуулалтаар авдаг болох шийдвэрийг гаргахын тулд Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад энэ хүрээнд өнчин эмэнд ордог нэн ховор эмүүдийг  Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ гадны үйлдвэрлэгчтэй шууд худалдан авах Засгийн газрын тогтоол батлагдаж, бид 2024 оны зургаадугаар сараас эхлээд эхний ээлжийн хэдэн эмийг авахаар Хүн амын сан руу захиалгаа өгсөн. Үнийн судалгаа хийж байгаа. Энэ оны сүүлээр тодорхой эмүүдийг татан авна гэж төлөвлөж байна. Бид тодорхой хэмжээнд иргэдийнхээ хүсэлт саналыг тухай бүрд хүлээн авч, дор дор нь шийдвэрлэхээр ажиллаж байна. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү