Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй байх санал гарсан тул найруулгын өөрчлөлт хийнэ


11 сар

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.18) хуралдаан 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Тэрээр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, тодорхой хувийг нь пропорциональ аргаар сонгох нь “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөх эсэхийг лавлаж, цаашдаа энэ агуулгыг дор бүрнээ өөр өөрөөр тайлбарлаж, сонгуулийн тогтолцоог тогтворгүй болох эрсдэл үүсэх талаар байр сууриа илэрхийлэв. Мөн тэрбээр Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн холимог тогтолцоог 2016 онд өөрчлөх нэг үндэслэл нь Үндсэн хуулийн дээрх хэсэг дэх “…шууд сонгох эрх…”-ийг хангах байсныг дурдсан.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариулт өгөхдөө “Анх удаа сонгуулийн холимог тогтолцоогоор зохион байгуулсан Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн дараа нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандсаны улмаас таны дурдсан үндэслэлээр Цэц дунд суудлын хуралдаанаа шийдвэр гаргасан байдаг. “…шууд сонгох…” гэдэг нь хүн сонгох ёстой гэх өрөөсгөл агуулгатай тайлбарыг тухайн үед гаргаж байжээ. Харин Үндсэн хуулийн цэц 2022 оны 01 дүгээр тогтоолоороо тэр заалтыг хүчингүй болгосон. Олон улсад парламентын сонгууль явуулдаг шалгарсан хоёр тогтолцоо байна. Мажоритар, пропорциональ гэх энэ хоёр тогтолцоог парламентын засаглалтай дийлэнх улс орон сонгуулийнхаа үйл ажиллагаанд шууд хэрэглэж байгаа. Улс төрийн намыг төлөвшүүлж, бодлогын нам болгож хөгжүүлэх, парламентыг бодлогын өрсөлдөөний талбар болгодог хөшүүрэг учраас пропорциональ элементийг оруулж ирсэн байдаг. Нөгөөтээгүүр, Монгол Улс шиг хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор газар нутгийн төлөөлөл болон хүн амын төлөөллийг хангах шаардлагаар мажоритар тогтолцоог сонгодог онцлогтой” гэв.

Үргэлжлүүлэн "Төсөлд нийт гишүүдийн 50 хувийг мажоритар аргаар, 50 хувийг пропорциональ аргаар сонгохоор тусгасан. Энэ нь хоёр төрлийн тогтолцоо нь харилцан бие биедээ хяналт тавих чадамжтай байх зүйтэй гэх үндэслэлээр, хоёр тогтолцоог хослуулан хэрэглэж байгаагийн үр дүн ач холбогдол нь илүү гарна гэсэн тооцоололд үндэслэсэн гэв. Харин хэлэлцүүлгийн явцад иргэд, УИХ-ын гишүүд мөн улс төрийн намуудаас 60/40 гэдэг хувилбараар Улсын Их Хурлын 126 гишүүнийг сонгодог байх санал гарсан. Найруулгын өөрчлөлт хийх юм байна гэж ойлгож байгаа" гэлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү