М.Цэлмэг: "Бэрэн" групп ХБ-наас авсан зээлийг барилга, гангийн үйлдвэртээ зарцуулсан. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна


1 жил

11 компанийн Хөгжлийн Банкны зээлийн асуудалд 65 гэрчийг оролцуулж буй хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Энэ үеэр "Бэрэн" группийн авсан зээлийн зарцуулалттай холбоотой асуултад гэрчээр оролцож буй "Бэрэн групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэлмэг хариуллаа.

Тэрбээр "2020 оны хоёрдугаар сараас хойш АТГ-т Хөгжлийн Банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбоотой асуудал дээр бүх компанийнхаа баримт бичгийг өгөөд, компанийнхаа зарцуулалтыг нотлоод явж байгаа. Өчигдөр хуульчидтайгаа зөвлөлдсөн ба зарцуулалтын талаарх асуултын хүрээнд бид нэг бүрчлэн хариулт өгөх нь хуулийн хүрээнд ямар ч боломжгүй гэдгийг хэлье. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллагад баталгаа гаргаад өгчихсөн. 

"Бэрэн" группийн барилгатай холбоотой манай зээлийн зарцуулалтыг асуулаа. Нэг бүрчлэн хариулах боломжгүй тул зарчмын хувьд асуултад хариулъя.

Тухайн оныхоо дөрөвдүгээр сард бид Хөгжлийн Банкнаас нийгмийн шинжтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё блок гэж 720 айлын орон сууц барихаар зээлийн хүсэлт гаргаад тухайн жилийнхээ 11 дүгээр сард Зээлийн хороо буюу ТУЗ-өөс нь зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаад, олголтуудаа үе шаттайгаар авсан.

Барилгын салбар нь бусад салбараас онцлог салбар. Шууд мөнгөө аваад үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. 9.3%-ийн өндөр хүүтэй валютаар аваад олгогддог зээлийг групп компанийн хувьд шууд хадгалаад жилийн дараа барилгын улирал эхлэх үед угсралтаа эхлүүлэх боломжгүй байдаг. Иймд манай компанийн арматур болон бусад барилгатай холбоотой бизнес эрхэлдэг салбар компаниуддаа үйл ажиллагаа явуулсан. 

Мөнгийг хаашаа орж, гарч байгаагаар нь биш тухайн төсөлдөө тухайн хэмжээний мөнгө зарцуулагдсан уу гэдэг өнцгөөс асууж яваагүй болохоор бид өнөөдөр шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ямар ч байсан авсан зээлийнхээ хэмжээгээр барилга болон гангийн үйлдвэртээ зарцуулсан гэдгийг зарчмын хувьд хэлье.

Зарцуулалттай холбоотой өөр нарийвчилсан асуултад манай зүгээс хуулийн хүрээнд хариулах боломжгүй” гэв.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү