У. Хүрэлсүх: Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно


7 сар

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Тэрээр "Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхэлж байна. Надад асар их итгэл өгч, хариуцлага үүрүүлж, нэр дэвших боломж олгосон журмын нөхдүүд, ард иргэддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль бол нэр хүндтэй, асар их хариуцлагатай сонгууль.

Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа өндөр амжилт хүсье. Гэр бүлд нь сайн сайхныг хүсье. Энэ бол Монгол Улс төдийгүй дэлхий ертөнцөөрөө анхаарч байгаа сонгууль. Монгол Улс төрийн тэргүүний сонгуулиа хэрхэн зохион байгуулах, хэнийг Ерөнхийлөгчөөр сонгож байгааг олон улс анхаарч байгаа. Тиймээс энэ удаагийн сонгуулийг ил тод, шударга, нээлттэй, хуулийн хүрээнд зохион байгуулах шаардлагатай. Сонгуулийн янз бүрийн маргаан гарч болохгүй. 

Түүнчлэн цар тахал дэлгэрсэн энэ үед аль болох хямд зардлаар сонгууль явуулахыг уриалсан. Үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй. 

Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байдаг. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг. ҮАБЗ-ийн тэргүүнээр ажилладаг институт. Хэрвээ би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүдэд анхаарч ажиллана. 

Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэлд ихээхэн анхаарна. Хараат бус хяналтын байгууллагын тогтолцоог бий болгоход анхаарна. Хүн засагладаггүй, хууль засагладаг төр улстай болох ёстой гэж үзэж байна.

Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрх зүйт төрийг бэхжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллана. Хүний эрх, эрх чөлөөг хадгалсан парламентыг засаглалыг төлөвшүүлэхэд анхаарна.

Мөн ард түмний үндэсний эв нэгдлийг хөндөж ярьж байна. МАН-ын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Бид нэгдмэл нэг улс, ахан дүүс. Би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс нь эв нэгдэл юм. 

Түүнчлэн байгалийн баялгийн эзэн нь монголчууд байх ёстой. Баялагтаа эзэн монгол байх ёстой. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын нэг нь хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, орд газруудыг төрд авах явдал байлаа. Байгалийн баялаг гэдэг бол хэн нэгэн хүний хийсэн бүтээл биш, бурханы хишиг. Монголын иргэн бүр байгалийн баялгийг ижил тэгш хүртэх ёстой. Тиймээс төрийн тэргүүн хүний хувьд энэ чиглэлд анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. 

Дараагийн асуудал бол гадаад харилцаа. Төрийн тэргүүний гол ажлын нэг нь гадаад улсад Монгол Улсаа төлөөлөх байдаг. Монгол Улс энэ жил НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ой болж байна. Дэлхийн нийтийн эв нэгдлийн төлөө энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. НҮБ болон олон улсын хэмжээнд олж авсан Монгол Улсын нэр хүнд, байр суурийг илүү баталгаажуулахын төлөө бүхий л боломж, нөхцөлөө дайчилна.

Хүчирхэг эдийн засагтай Монгол Улс болох хэрэгтэй. Бид Алсын хараагаа төлөвлөсөн. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтран ажиллах болно" гэлээ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү