Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан 11.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, Засгийн газар цаашид УИХ-д төсөв өргөн барихдаа Иргэдийн төсөв хэмээх тоонуудыг төсөвт суулгаж байх талаар мэдээлэл хийх юм байна. Иргэдийн төсөв гэдэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд багтах бололтой. 2018 оны батлагдсан төсөв дээр "Иргэдийн төсөв-2018" гэсэн загварыг гаргажээ. Үүнд дурдсанаар энэ онд төсвийн хөрөнгөөр 111 цэцэрлэг, 79 сургууль, 37 эмнэлэг шинээр барих юм байна. Мөн аймгуудын төвүүдийг Улаанбаатар хоттой холбоход 784 км авто зам нэмж тавих зэрэг бүтээн байгуулалтыг орон нутгаар нь гаргажээ.
