Анаболик стеройд гэж юу вэ


8 жил

Анаболик стеройд нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан эр бэлгийн даавар “тестостерон” юм. Уг дааврыг нийлэг аргаар гаргаж авахдаа андрогены үйлчилгээг бууруулж, анаболитик идэвхийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэдэг.
Уг дааврын нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан байдаг.

Эмнэлгийн заалтаар буюу эмчийн жороор л биш бол уг дааврыг хэрэглэх нь “хууль бус” байдаг. Монгол Улсад БНХАУ-аас хууль бусаар импортлон оруулж ирж буй уг дааврыг сүүлийн үед бодибилдингийн спортоор хичээллэгчид, тамирчид, өсвөр үеийнхэн болон залуучууд ихээр хэрэглэж байна.

Энэ даавар нь яс, булчингийн уургийн нийлэгжэлтийг ихэсгэдэг болохоор нэмэлтээр авсан тохиолдолд булчингийн нөхөн төлжилт хурдан, ядрал бага байна. Жирийн үед хүний булчин ядралаас буцаж төлжих сэргэлтийн хугацаа 48 цаг байдаг бол стеройд хэрэглэхэд 2 дахин хурдасна. Мөн булчингийн масс хурдан томорно, өөх шатах процесс хурдасдаг учраас түргэн хугацаанд сайхан биетэй болох зорилгоор залуучууд хэрэглэж байна. Хамгийн гол нь, сөрөг үр дагаврууд нь удаан хугацааны дараа илэрдэг. Элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл болдог байна.

Стеройд-ыг ямар тохиолдолд хэрэглэж болох вэ?

• Яс сийрэгжсэн үед ясны өвдөлтийг бууруулах гэж
• Хавдрын химийн эмчилгээний үед булчингийн нөхөн төлжилтийг сэргээх зорилгоор
• Гэмтэл, түлэгдэлт, мэс заслын дараа өвчтөний жин огцом буурах үед
• Цус төлжилтийн хямрал
• Үрийн шингэн бага үүсэх буюу зарим бэлгийн сулралын үед
• Үсэрхийлэлтэй хөхний хорт хавдрын үед..... гэх мэт эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлын үед эмчилгээний тунгаар хэрэглэнэ.

Гаж нөлөө:
• Уур уцаар ихэснэ, ааш зан ширүүснэ.
• Бэлгийн дур хүсэл хэт их төрнө.
• Сэтгэл гутралд орох ба сэтгэл зүйн маш тогтворгүй төлөвт шилжинэ. (маш олон амиа хорлолтууд үүний хэрэглээтэй холбоотой байсан нь тогтоогдсон байдаг)
• Донтох эмгэг үүснэ.
• Эмэгтэй хүнд үс ургалт ихсэх, хоолойны өнгө бүдүүрэх, хөх ширгэх, сарын тэмдэг зогсох, хэлүү томрох шинж тэмдгүүд илэрнэ.
• Өөр, өөр төрлийн бүтээгдэхүүнтэй цуг хэрэглэхэд хор нөлөө ихсэх өндөр магадлалтай. /Тамирчид олон төрлийн уураг, өөх шатаагч, судас тэлэгч биеийн ус хөөж, шээс гадагшлуулах “diuretic” бүтээгдэхүүн зэрэгтэй хамт хэрэглэдэг нь “таван цул” эрхтэнд маш их ачаалал өгдөг буюу хор хөнөөлтэй юм./
• Хэрэглэгчид ариутгал, халдаргүйтлийн дүрмийг баримтлахгүй тарьж хэрэглэхээс үүдэн олон төрлийн халдвар авах эрсдэл нэмэгдэнэ.

Сөрөг үр дагаврууд удаан хугацааны дараа илэрнэ.

Эмчийн заавраар биш, дур мэдэн уг дааврын нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хууль бус учир таны эргэн тойрны хэн нэгэн хэрэглэж байгаа эсэхийг анхаарч, сэрэмжлүүлнэ үү.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү