Ухаантай нохойны тухай гайхалтай түүх


7 жил

Зохиолч, сэтгэлзүйч, про­фессор Стэнли Корен хү­ний үнэнч нөхөр нохойны тухай гайхалтай түүхүүдийг цуглуулж, хэ­дэн арван ном бичсэн нэгэн. Тэрбээр нохойг хүн шиг ухаантай гэж үзэж болох уу гэсэн асуултад мэр­­гэ­жилт­нүүдээс хариулт авахыг хүс­дэг ч, өөрөө тэд­ний тухай гайхалтай түүх ярьж өгдөг.

Стэнли Корэн “Би Бель­гийн Гент хотод нохойн сэтгэх үйл явц хэрхэн бий болдог тухай хэд хэдэн удаа лекц уншиж байсан. Нэг удаа лекцээ уншсаны дараа цугларсан олон цайны завсарлага авахаар гарсан юм. Гэтэл нэг эмэгтэй над руу дөхөж ирээд ярих зүйл байгаагаа хэлсэн” гэжээ.

Бүсгүй “Та манай өвөө Жейкоб Ласкер болон түүний нохойны тухай түүхийг со­нирхоно гэж бодож байна” гэж хэлээд нохой гэдэг амь­тан юу боддог, ямар ой сайтай амьтан болохыг хэлж өгчээ.

Бүсгүйн өвөө буржгар үстэй, пудель, терьерийн эрлийз нохойтой байжээ. Өвөө нь нохойгоо Краус гэж дууддаг байсан нь “Тогт­воргүй, сахилгагүй” гэсэн утгатай байж. Ту­хайн үед Жейкоб Ласкер Австрийн Вена хотод амьдардаг бай­сан бөгөөд тамхийг ч ёстой нэг угсруулдаг нэгэн бай­сан гэнэ. Тэрээр амарч­лах гэ­сэндээ ч тэр үү, Крау­сын аманд мөнгө зуул­гаад тамхины мухлаг руу гүйл­гэж сургажээ. Тамхины мух­лагийнхан ч нохойг сайн мэддэг байсан бөгөөд долоо хоногт хэдэн удаа ингэж явдаг нохойг ойр хавийн оршин суугчид ч андахаа байжээ.

Нэгэн удаа Жейкоб Че­хийн нийслэл Прага хот руу шилжиж, жижиг­хэн дэлгүүрүүдтэй гудам­жинд ирж суурьшив. Дэл­гүүрүүдийн дунд тамхи­ны мухлаг байсанд өвөө ч ол­зуурхаж, нохой­гоо худал­дагчтай нь танил­цуулсан байна. Худалдагч нохойгоор тамхи зөөлгөнө гэдэгт эх­лээд гайхсан боловч түүнд үйлчилнэ гэдгээ амлаад, Краусын толгойг илж гэнэ.
Ингээд маргааш нь Жей­коб өвөө Краусынхаа аманд зоосон мөнгө зуулгаад, хаал­гаа нээж, тамхинд гүйл­гэжээ. Тэрээр Краусыг юу хийхээ мэднэ гэж найдсан аж. Нохой ч сүүлээ шар­валзуулсаар тамхины мух­лагийн зүг гүйжээ. Гэвч хэдэн цаг боллоо. Нохой ирсэнгүй.

Өвөө пальтогоо өмсөж, тамхины мухлаг руу гарлаа. Гэтэл мухлагийн эзэн Краусыг ирээгүй гэж хэлжээ. Ха­жуугийн гудамжаар хайж үзтэл, бас л байдаггүй.

Жейкоб түгшиж эхлэв. Тэрээр Краусыг шинэ хотод ирээд төөрч дээ гэж бодон, нохойн асрамжийн газраас сураглав. Тэгээд Краусыг амьд, үхсэн аль нь ч бай, заавал холбоо бариарай гээд хаягаа үлдээчихээд гэр­тээ харьжээ. Хэд хоног өнгөр­лөө. Краусаас сураг гар­сангүй. Өвөө ч ухаантай нохойгоо дахиж харахгүй нь гэхээс сэтгэлээр унаж эхлэв.

Гэтэл дөрөв дэх өдөр хаалгыг нь хэн нэгэн самар­даж байгааг олж сонс­чээ. Өвөө сандран очиж, үүдээ нээвэл Краус тоос тортогт дарагдчихсан, сарвуунаас нь цус урсчихсан зогсож байв. Хөөрхий нохой ядарч, өлссөндөө болон арай ядан хөл дээрээ дэнжигнэнэ.

Жейкоб нохойгоо эргэж ирсэнд баярлан, тэвэрч авах гэтэл Краус гар дээр нь нэг юм тавьжээ. Гайхан хар­тал Прагаас 120 км-ийн зайд орших Вена хотын ганц үйлчлүүлдэг тамхины мух­лагийнх нь шошго бүхий хайрцаг тамхи байх нь тэр. Хөөрхий нохой даалгавраа маш сайн гүйцэтгэжээ.

Зохиолч, профессор, Стэнли Корэн “Энэ түүх надад үнэхээр гайхалтай са­нагдсан. Үүнийг ярьж өгсөн эмэгтэй ч үнэн, бодит түүх хэмээн баталж байлаа. Тиймээс би сонссон бүхнээ та бүхэнд дамжууллаа. Энэ бол нохой гайхалтай ой тогтоолттой, бидний бод­догоос ч илүү ухаантай гэд­гийг батлах олон тохиолд­лын нэг” хэмээн ярьсан байна.

Б.Дөлгөөн
Эх сурвалж: bankhar.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү