"Жү Дантэ" хуримаа хийнэ

"Жү Дантэ" хуримаа хийнэ


7 сар

Өмнөд Солонгосын алдарт "The Penthouse" цувралаар монголчуудын эчнээ танил болсон жүжигчин Ом Ги Жүн арванхоёрдугаар сард хуримаа хийнэ. Энэ талаар түүний харъяалагддаг "Your Entertainment" агентлаг өнөөдөр мэдээллээ. Сүйт бүсгүй нь олны танил бус энгийн нэгэн ажээ. Тэд гэр бүл, төрөл садан, ойрын хүмүүсийнхээ хүрээнд хуримаа даруухан хийхээр төлөвлөж байна.

Ом Ги Жүн гэрлэх болсон тухайгаа инстаграм хуудсандаа мэдээлжээ. Ингэхдээ тэрбээр гараар бичсэн захиагаа хавсаргасан байна.

Түүний захиаг доор сийрүүлбэл,

-Сайн уу, Ом Ги Жүн байна. 2024 он дөнгөж саяхан л эхэлж байсан санагдана. Гэтэл одоо хаврын улирал шувтарч, халуун зун айсуй. Та нарыг эрүүл саруул байгаа гэдэгт итгэж байна. Жүжигчин мэргэжлээрээ ийм удаан ажиллаж байгаагийн минь нэг шалтгаан бол "JEKYLLI" (Ом Ги Жүний шүтэн бишрэгчдийн клуб) клуб юм. Та бүхний хувиршгүй хайр хүндлэлд үргэлж талархдаг. Мэдрэмжээ илэрхийлэхдээ маруухан болохоор үргэлж л хайрыг чинь хүлээж авахаас өөр зүйлгүй байдагтаа уучлал хүсье. Саяхан та нартай уулзаж, баяр жаргалтай байгааг чинь харсан минь надад маш их хүч өгсөн. Миний хувьд үнэ цэнтэй цаг хугацаа байв. Энэ захиаг бичиж буй минь "JEKYLLI"-тэй хуваалцахыг хүссэн шинэ мэдээтэй минь холбоотой. Насан туршийн ханиа олно гэдэг надад хэзээ ч тохиолдохгүй зүйл гэж би боддог байлаа. Гэсэн ч би халуун дулаан зүрх сэтгэлтэй, халамжтай тэр хүнээ олсон. Энэ хүнтэйгээ гэрлэж, шинэ амьдрал эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ гэнэтийн мэдээг сонсоод та бүхэн яаж цочирдох бол гэхээр санаа зовниж байна.

"JEKYLLI" клубынхэн минь. Та нарынхаа дэмжлэг, хайрыг хэзээ ч мартахгүй. Хариуг нь барихын тулд би хамгийн сайнаараа хичээсээр байх болно. Баярлалаа гэжээ.

Дашрамд дурдахад, Ом Ги Жүн 1976 онд төрсөн бөгөөд 1995 онд “Richard III” кинонд тоглосноор анх олонд танигдсан. Үүнээс хойш тэр "Ghost", "Defendant", "Heart surgeons", "The Penthouse" гэх мэт цувралууд, “Man of Vendetta” and “Killer Toon” зэрэг уран сайхны кинонд тоглосон.

Эх сурвалж: SOOMPI

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү