Х.Болормаа: Залуучуудад чиглэсэн үйл ажиллагаанд анхааран ажиллана


7 жил

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүрэг 2017 оныг Залуучуудын хөгжил, залуучуудад чиглэсэн арга хэмжээг дэмжих, зохион байгуулах чиглэлд илүү анхааран ажиллана” гэж Нээлттэй нийслэл мэдээллийн цагт оролцохдоо хэллээ. Тэрээр 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллааны хөтөлбөрөө “ДЭВЖИН ДЭЭШЛЭХ  СҮХБААТАР ДҮҮРЭГ” нэртэйгээр баталсан ба ‘хөтөлбөрийг боловсруулахдаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 289 заалтнаас дүүрэгт хэрэгжүүлэх 57 заалтыг тусгасан’ гэдгээ дурджээ.

 Нээлттэй нийслэл  мэдээллийн цагт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн хамт Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Санхүү, төрийн сангийн дарга Д.Ууганбаяр нар оролцож, эхний улиралд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир “Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 1295 байгууллагын 4330 хүн оролцож, 126 рэйс буюу 567 тонн хог, хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэсэн” гэж ажлаа тайлагнажээ.

Харин дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр ярихдаа “Дүүргийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх хувийн өмчийн 5 цэцэрлэгт зорилтот бүлгийн 118 хүүхдийг хамруулах ажлыг зохион байгууллаа. Мөн 2011 онд төрсөн цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн тоог хороо тус бүрээр гаргаж, 143 хүүхдийн мэдээллийн санг бүрдүүлэн эдгээр хүүхдүүдэд зориулсан хувилбарт сургалтыг 3-5 дугаар сард хамран сургах тойргийн цэцэрлэгүүд дээр 7 хоногийн 2 өдөр 1-2 цагийн хугацаатай зохион байгуулж байна” гэдгийг онцлов.

ЗДТГ-ын дарга Н.Энхболд “Бид төрийн үйлчилгээг хүртээмжтэй ил тод байлгах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр  ажлуудыг хийлээ. Тухайлбал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын “НЭГ ЦОНХ”-ны үйлчилгээгээр эхний улирлын байдлаар өдөрт дунджаар 200-250 иргэнд 8 төрлийн 64 үйлчилгээг 20 цонхоор дамжуулан хүргэсэн байна. Бид төрийн албан хаагчдыг илүү чадавхжуулах чиглэлээр долоо хоног бүрийн 5 дахь өдөр албан хаагчиддаа зориулж “Мэдээлийн цаг” хийдэг. Түүнээс гадна энэ сарын 20-ноос эхлэн дүүргийн удирдлагууд “Хөдөлгөөнт оффис”-ыг хороо бүрт ажиллуулах гэж байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойр хүрэхээс гадна аливаа асуудлыг газар дээр шийдвэрлэх боломжтой гэлээ. 

Иргэдэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, ил тод байдлыг хангах зорилготой нийслэлийн ЗДТГ-аас “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоног тутамд нэг удаа хийдэг болсон.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү