Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн царигтай боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг хаахаар боллоо. Шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.
“Гашуунсухайтын төмөр зам”-ыг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байна.
“Гашуунсухайтын төмөр зам” компани нь төмөр замын урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, геологи, геодезийн судалгааг хийж дуусгасан. Гэвч УИХ-ын 2014 оны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 1435 мм-ийн царигтайгаар барихаар болсон юм.
Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор “Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг энэ оны эхний хагас жилд багтаан эхлүүлнэ гэж заасан. Тиймээс дээрх чиглэлийн 45.3 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор цогцоор нь барьж байгуулвал оночвтой гэсэн дүгнэлтийг хийжээ.