Тусгай хамгаалалттай газруудад галын машин хүлээлгэн өглөө

Тусгай хамгаалалттай газруудад галын машин хүлээлгэн өглөө


8 жил

Тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон 14 авто машиныг хүлээлгэн өглөө. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар /КFW/ дамжуулан БОАЖЯ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох“ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий Богдхан уул, Горхи-Тэрэлж, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу , Нөмрөг, Онон-Балж, Отгонтэнгэр, Тужийн нарс, Тарвагатай нуруу, Улаан Тайга, Хангайн нуруу, Хан Хэнтий, Хөвсгөл нуур, Хөгнө Тарна зэрэг тусгай хамгаалалттай газрын захиргаадад хүлээлгэн өгөв.

Энэхүү арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэд сайд Ц.Батбаяр, ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Щтефан Дуппел болон бусад албаны хүмүүс оролцлоо.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж, цар хүрээ нь тэлж байна. Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээрийн хүрээнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд байгаль орчны салбарт техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр төсөл хөтөлбөр нь Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн /ТХГН/ сүлжээг бэхжүүлэх, байгалийн нөөцийн ашиглалтыг зүй зохистой болгох, байгаль орчныг хамгаалахад ялангуяа байгалийн эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтой юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Берлин хотод болсон хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Германы сэргээн босголтын банкаар дамжуулан хэрэгжүүлж буй энэхүү төслийн хоёрдугаар үе шатыг Монгол орны Баруун болон Говийн бүсэд нийт 13.5 сая Еврогийн төсөвтэйгээр хэрэгжүүлэх болсонд бид баяртай байна. Төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн бүх бүс нутгийг хамрах боломжтой юм хэмээн ХБНГУ-ын Засгийн газар, Германы Сэргээн Босголтын Зээлийн банк, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон бусад албаны хүмүүст талархал илэрхийллээ.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

ХБНГУ-ын Холбооны Эдийн зэасгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел “Монгол Улс байгаль орчны бодлогын шинэчлэлийг эхэлж, эх орныхоо биологийн олон янз байдлын хамгаалалд өндөр ач холбогдол өгч байгаад бид баяртай байна. Улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах нь нэн чухал юм. Холбооны Засгийн газар нь дэлхийн хэмжээнд жил бүр 500 сая еврог ой болон бусад экосистемийг хадгалж, хамгаалахад зарцуулан дэмждэг” гэв.

Мөн энэ үеэр Хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч нарт 400 өвөл зуны дүрэмт хувцас, дуран, мэргэжлийн зургийн аппарат, байршил тогтоогч, аяны махйан, хөнжил, гудас зэрэг хяналт шалгалт хээрийн судалгаанд нэн шаардлагатай техник багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Уг төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор нийлүүлж буй дүрэмт хувцас, хээрийн ажлын багаж хэрэгсэл болон ой хээрийн түймэртэй тэмцэх иж бүрэн тоноглогдсон автомашиныг хүлээлгэн өгч буй хөрөнгө оруулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа байгалийн эрс тэс уур амьмгалтай манай орны нөхцөлд, ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо гэж БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү