Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд ховордсон амьтад: Хөхтөн амьтад

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

   Манай дэлхий дээрх амьтадын дотроос хамгийн дээд зэргийн хөгжилтэй гэж тооцогддог төлөөлөгч бүхий анги бол хөхтний анги юм. Хөхтний анги нэг сүвтэн буюу өндөг төрүүлэгч, ууттан, харивстан гэсэн гурван дэд ангид хуваагддаг. Монгол орны газар нутаг дээр байгалийн олон янзын бүс бүслүүрийг хамран 138 гаруй хөхтөн амьтан тархан нутаглаж байна. Тэдгээр нь шавж идэштэн, гар далавчтан, туулайтан, мэрэгчтэн,махчин, туурайтан ба битүү туруутны 7 баг 20 гаруй овогт хамаарна.

Монгол улсын Улаан номонд Алтайн чацуулин, дорнын сармаахай, шарнад цөөвөр, цондоохой мий, говийн евроази шүлүүс, шоохор ирвэс, голын халиу, суусах булга, ойн булга, эрээн хүрнэ, хүрэн баавгай, тахь адуу, монгол хулан адуу, зэгсний зэрлэг гахай, хавтгай тэмээ, Алтайн аргаль, янгир ямаа, соргог бөхөн, монгол бөхөн, хар сүүлтий, баданга хүдэр, буган цаа, шивэр молцог хандгай, хар мөрний молцог хандгай, гозоорой зурам, ойн унтаахай, Төв азийн голын минж, давжаа алагдаага, элсний тажигдаахай, соотон алагдай, зүүн гар даахай, сухайн чичүүл зэрэг 33 зүйл хөхтөн амьтан орсон байдаг.

Мазаалай баавгай

Ursus arctos gobiesis: Нян хязгаарлагдмал тархацтай, устах аюулд орсон нэн ховор зүйл. Дэлхийд ганцхан Монголын говьд тааралддаг. Хүрэн баавгайг бодвол жижиг, хурдан шалмаг хөдөлгөөнтэй. Биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92см, жин 90 кг хүрдэг. Эрийг маахай, эмийг этэг, эвш, төлийг алманцаг гэнэ. Эвш мазаалай жил өнжиж 1-3 алманцаг төрүүлнэ.

 

 Ургамлаар голлон хооллоно. Амьтны зүйлээс туулай, чичүүл зэрэг мэрэгчид, шавьж тэргүүтэнг иднэ. Мазаалайн амьдрах орчны доройтлоос идэш тэжээл хомсдож, уух усаар гачигдаж устах аюулд ороод байгаа.

Шивэр молцог хандгай

Alces alces prizenmayeri: хягаарлагдмал тархацтай нэн ховор амьтан. Шивэр хандгай, хар мөрний хандгай гэсэн хоёр зүйл хандгай байдгаас шивэр хандгайн биеийн урт 300см, сэрвээний өндөр 240см, жин 570 орчим кг хүрдэг.

 

Бие харьцангуй богино, лагс. Хоолойдоо арьсан унжлага буюу сүүхтэй. Эрийг манж, эмийг сүндэс, үр төлийг хотол гэнэ. Манж хандгайн сүүх сүндэсийнхээс том, хууль бус агналтаас тархац хумигдан, тоо толгой цөөрч байгаа устаж болзошгүй амьтан.

 

Хар мөрний молцог хандгай

Alces alces cameloides: Хэнтий уулархаг нутгийн Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голын тайга, Хөвсгөл орчимд тархсан. 

 

Зургаадугаар сарын эхээр сүндэс 1-2 хотол төрүүлнэ. Төрөл бүрийн ургамал, өлөн, хөвд, найлзуураар хооллоно. Манай орны хөхтөн амьтадын дотроос хамгийн том ннь энэ амьтан билээ. Манж буюу эр хадгайн том нь энэ амьтан билээ. Манж буюу эр хандгайн элэг 6,5 кг, зүрх 2,6 кг, бөөр 1,2кг, хэл нь 1,0 кг хүрдэг байна. Хандгай нь усанд сэлэхдээ сайн.

 

Төв азийн минж

Castor fiber birulai. Хязгаарлагдмал тархацтай, нэн ховор зүйл. Нас гүйцсэн минжний бие 86 см, сүүл 29 см урт, жин 22,5 кг хүрнэ. Бие лагс, нүд онигор, чих хулгар. Ерөнхий зүс халиун хүрэн, сор үс урт, өтгөн зөөлөн ноолууртай. Хойд хөлийн сарвуунууд хоорондоо усанд сэлж шумбахад зохицсон сарьсан холбоостой.

  Хойд мөчдийн хоёрдугаар хуруу давхар хумстай, урд мөчдийн хуруунууд салангид, хөдөлгөөн сайтай, түүгээрээ идэш тэжээлийн зүйл барьж иднэ. Хайрсаар бүрхмэл хавтгай, дээд голоороо тод хянга бүхий сүүлтэй. Сүүлээрээ ус балбаж, чимээ гарган бусаддаа дохио өгдөг. Үүдэн шүд цүүц хэлбэртэй, улбар шар өнгөтэй. Нэг гэр бүлд эр, эмэгчин тухайн жилийн үр төл амьдарна.

 

Эзэмшил нутгийнхаа захад шороо овоолон заараараа тэмдэг тавина. Усны татуурга салааг боож, түвшинг нэмэгдүүлэхийн тулд мод шавраар далан барина. Бургасны залуу мөчрийг богинохон тайрч, эргийн тэжээл нөөцлөх нүхэнд хадгалахын зэрэгцээ өвөлжих нүхний ойролцоо гүн устай хэсэгт модыг уртаар нь эргийн дагуу хурааж, мөс хөлдсөн үед ирж түүнийгээ авна.

 Үүдэн шүдний араар уруулын арьснаас хаалт үүсдэг учир усан дотор байх үедээ ч мод мэрэх чадвартай. Хууль бус агналтаас тархац хумигдан, тоо толгой цөөрч байгаа устаж болзошгүй амьтан

 

Зэгсний гахай

Sus scrofa nigripes: нян хязгаарлагдмал тархацтай, нэн ховор зүйл. Биеийн урт 170 см, сэрвээний өндөр 80 см, сүүл 24 см, жин 200 кг хүрнэ. Толгой урт, хоншоор шонтгор, хүзүү богино. Мөчид богино, чих дэлдгэр, үзүүртээ урт үстэй. Дээд доод соёо уруулаас гадагш дорсойн гарч хоорондоо зөрсөн байрлалтай.

Эрийг бодон, эмийг мэгж, үр төлийг торой гэнэ. Бодонгийн соёо мэгжнийхээс урт, том. Зүс бор саарал, хүрэн, бараавтар.

 

Нялх тоорой нь тууш шаравтар судал бүхий эрээн зүстэй. Хар ус, хар нуурын эргийн хулсан шугуй, Ховд булган, Зэрэг, Бөхмөрөн, Тэс, Нарийн голуудын татам шугуйд байдаг. Шаргын гол, Завхан, Хүнгий голын адаг, Зүүн гарын болон Алтайн өвөр говийн зарим баян бүрд, гол горхи зэрэг урьд нь байсан нутагтаа очиж түр нутагшина. Хар ус нуурын гахай 12 дугаар сарын эцэс нэг дүгээр сард мэгж 2-5 торой гаргана. Хууль бусаар агнаж байгаагаас тоо толгой эрс цөөрсөн устах аюулд орсон амьтан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
эрдэнэцэцэг [66.181.161.xxx] 5 жил
үнэхээр сайхан мэдээлэл байна баярлалаа