ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл


3 жил

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна. 

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

-Та хоёр жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Ерөнхийлөгч шүүх, прокурор, цагдаа, Авилгатай тэмцэх газрын даргыг томилж, чөлөөлдөг болох үед нэг хүний дарангуйлал тогтлоо гэж эсэргүүцэж байсан. Юу таныг Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллахад нөлөөлсөн бэ?

-Би үндсэн хуулийн эрхзүйч. Манай улсын 6000 гаруй хуульчдаас үндсэн хууль судалдаг хүн цөөн. Тиймдээ ч энэ талаар үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй хүн гэж өөрийгөө боддог. Оны эхэн үеэс одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй эсэх маргаан дэгдсэн. Би үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт байсан хүн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт, Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл иргэдээс Үндсэн хуулийн цэцэд ирсэн. Үүний дагуу маргааныг хүлээн авч, Үндсэн хуулийн цэцээс тайлбар гаргуулах, байр сууриа тодруулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн. Тухайн үед би Ерөнхийлөгчид хандаж энэ тайлбарт нь туслья гэж бодсон юм.

-Хүнд нь туслах гэж үү, Үндсэн хуулиа хамгаалахын тулд уу?

-Мэдээж Үндсэн хуулиа хамгаалахын тулд. Товчхондоо Үндсэн хуулиа хамгаалах арга хэрэгсэл маань Ерөнхийлөгч. Парламент сайн хууль баталсан. Түүнийг нь зөвөөр тайлбарлахыг л хичээж байна.

-2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг үргэлжилж байхад ирээдүйд ийм нөхцөл байдал үүсэх нь тодорхой байсан. Яагаад тэр үед энэ талаар ярьж хэлэлцээгүй юм бэ? Та анзаараагүй юм уу?

-Энэ хуульд “Монгол улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан байдаг. Өмнө нь Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай нам 45 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлдэг байсан. 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сүүл үеэр намайг ажлын хэсгийн гишүүнээс хасчихсан. Тэр үед энэ заалтыг хэн ч асуудал болгож яриагүй. УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай сайн хууль баталсан. Гэтэл дундаас нь гэнэт улстөржүүлээд дэвэргээд эхэлсэн юм. Үүнд Үндсэн хуулийн цэц буруутай. 

-Үндсэн хуулийн дагуу дэвших эрхгүй гэдэг маргаан юун дээр үндэслэж гарч ирсэн юм бэ?

-Нэг л удаа сонгоно гэх өгүүлбэр. Хуулийн өгүүлбэрийг уншихад ялгаатай. Нэг удаа гэдгийг ганцааранг нь авч үзэхгүй. Урд нь нөхцөл бий. Тодруулбал, 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилээр гэдэг нь нөхцөл юм.

Одоогийн ерөнхийлөгч өмнөх хуулиараа 45 настай, нэг удаа сонгох боломжтой байх үед сонгогдсон. Энэ хүн 6 жилээр ажиллаж байгаагүй, 50 настай байгаагүй нь хариулт юм л даа. Маргааш Үндсэн хуулийн цэц одоогийн Ерөнхийлөгч энэ жилийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх шийдвэрийг гаргана. 

Би Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүнийг хамгаалаад байгаа бус парламтентаар баталсан Үндсэн хуулиа л хамгаалж байгаа. Үүнийг хүмүүс ойлгох хэрэгтэй. 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2025 оноос хэрэгжиж эхлэх байсан хуулийг 2021 он болгож өөрт ашигтай байдлаар эргүүллээ гэж улстөржүүлэх болсон. Яг үнэндээ парламентаар энэ асуудлыг хэлэлцэхдээ 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас хуучин хуулиараа дахин сонгууль зохион байгуулах нь буруу гэж үзсэн. Үндсэн хуулийн цэцээс Ерөнхийлөгчид нэр дэвших хүн ийм байх ёсгүй гэсэн хориглох заалт Үндсэн хуульд байх ёстой гэж маргаад байгаа юм. Энийг ярихаас ч ичээд байдаг юм. УИХ хууль тогтоогч болохоос Үндсэн хуулийн цэц биш. 

Маргааш үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг зарласан. Дунд хуралдаанд цэцийн таван гишүүн оролцдог. Одоогоор ямар гишүүд оролцох нь тодорхойгүй. Уул нь Үндсэн хуулийн цэц хамгийн нээлттэй байх ёстой ч одоогоор хурлын тов зарлахаас өөр зүйл нийтэд мэдээлэхгүй байна. 

Өмнө нь П.Очирбат гуай Ерөнхийлөгч байх үед дараагийн сонгуульд нэр дэвших эрхтэй юу гэдэг яг ийм асуудалтай тулгарч байсан. 1990 онд БНМАУ-ын Ерөнхийлөгч болоод 1993 онд шинэ дэглэм тогтсоны дараа дахин өрсөлдөж Ерөнхийлөгч болсон. Улмаар 1997 онд сонгуульд дахин нэр дэвших үед “Хэрэв П.Очирбат дахин сонгогдвол 11 жил энэ хүн ерөнхийлөгчөөр ажиллах нь. Хуулиараа дөрвөн жилээр хоёр удаа сонгогдож болно” гэж заасан гэх маргаан үүссэн. Харин үүнд Үндсэн хуулийн цэцээс “Хууль тогтоогч байгууллага энэ хүний нэр дэвших эрхийг хориглоогүй, шинэ дэглэм тогтож байна” гэсэн тайлбарыг өгч нэр дэвших эрхийг нь өгсөн. 

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хугацаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон ердийн хууль хоёрын дунд оршдог. Ердийн хуулийг хүчингүй болгох эрхтэй. 

-Үндсэн хуулийн цэц хуульд байхгүй зүйлийг нэмж батлахыг шаардаж болох уу?

УИХ-аар батлаагүй зүйлийг Үндсэн хуулийн цэц нэмж баталдаггүй, батлахыг ч шаардаж болохгүй. Харин парламентаас баталсан хуулийг манах ёстой. Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр ийм хүнийг сонгож болохгүй гэх хориглосон заалт байх ёстой гээд маргаан үүсгээд байхаар энэ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээний том асуудал болчихож байгаа юм.

-Нэг удаа гэчихээр өмнө нь Ерөнхийлөгч байсан гэдгээрээ энэ нь маргаан үүсэх нөхцөл биш үү?

Өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байсан хүнийг ажилд авахгүй гэдэгтэй яг адилхан. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагүй хүнийг сонгоно гэж заасан байвал нэг өөр хэрэг. Тийм зүйл Үндсэн хуульд байхгүй. Нэр дэвшээд шууд Ерөнхийлөгч болчихно гэсэн үг. Ард түмэн дүнгээ тавина. Нөгөө талаасаа төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэдэг заалтыг зөрчиж, дунд нь хаалт хийж байгаатай ялгаагүй зүйл. 

-Дэвжээн дээр өрсөлдөгчийг нь гаргаж ирэхгүйгээр шууд ялалтыг өгч байгаатай адилхан гэж ойлгох уу?

-Тийм. Үндсэн хуулийн цэц маш их шүүмжлэл дагуулж байна. Одоогийнх шиг улстөржсөн, булхайтай юм хийж байснаас Улсын дээд шүүхэд чиг үүргээ шилжүүлсэн нь дээр гэж бодож байна. Хэрэв энэ янзаараа байвал цаашдаа Үндсэн хуулийн цэц гэж байх хэрэг байна уу? Үгүй юу? гэдэг асуудал яригдана. Цэц бол улс төрчдийн нохойд барьдаг мод биш. Байхгүй зүйлийг бий болгох гээд зүтгээд байх хэрэггүй. Одоогийн Үндсэн хууль бат бэх сайн хууль. Энэ хуулиа хамгаалах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Үндсэн хуулийн цэц дээр үүссэн маргаантай холбоотой уншигчид хангалттай мэдээлэл авсан байх. 

- Монгол төрийн цааз эрхэмж мэргэн, алтан буулга нь цэцэн байх болтугай!

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү