Дархан аварга А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртлээ


2 цаг

Сар шинийн баярт зориулсан ахмадын бөхийн барилдаанд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат түрүүллээ.  Барилдааны дүнгээр Дархан аварга А.Сүхбат аймгийн арслан Ч.Эрдэнэчулууныг зургаа даван түрүүлсэн бол их шөвөгт аймгийн начин Б.Пүрэвсүрэн үлдлээ. Энэхүү барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Улсын начин Л.Цэвээн, Д.Цогзолдорж тэргүүтэй улс, аймгийн цолтой, 50-аас дээш насны 21 бөх зодоглосон юм.

Тус барилдаанд түрүүлсэн Дархан аварга А.Сүхбат сэтгэгдлээ хуваалцахдаа “Монгол бөхийн өргөөнд барилдах шийдвэрийг өчигдөр л гаргасан. Хүү минь өсвөрийн барилдаанд зодоглохоор болж, тэр үеэр ахмадын барилдаан болох гэж байгааг мэдсэн юм. Ойрд барилдаагүй ч үеийн, хамт барилдаж явсан бөхчүүдтэйгээ барилдаж, хөлсөө гаргах бодолтойгоор бүртгүүлсэн. Идэр залуу нас минь дурсамж болон үлдсэн энэ Бөхийн өргөөнд дахин барилдсандаа баяртай байна. Намайг дэмждэг хүмүүс ирж баяр хүргэсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Өдгөө Монгол бөхийн өргөөнд болсон барилдаануудаас 55 удаа түрүүлсэн амжилтыг үзүүлсэн. Өнөөдөр тэр амжилтаа нэгээр нэмсэндээ баяртай байна.

Удахгүй болох сар шинийн баяраар Монгол түмэн минь элбэг дэлбэг, сайхан шинэлээрэй. Сайхан амьдрахын ерөөлийг өргөе” хэмээн хэллээ.

Сонирхуулахад, тус барилдаанд зодоглосон хамгийн ахмад бөх нь Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын начин Л.Цэвээн байсан бөгөөд тэрбээр ирэх аравдугаар сард 70 нас хүрэх юм.

Мөн өсвөрийн бөхийн барилдаан насны ангиллаар явагдаж, 15–16 насны ангилалд Увс аймгийн Тэс сумын харьяат А.Баяржавхлан түрүүлсэн бол 13–14 насны ангилалд Г.Түвшинтогтох, 11–12 насны ангилалд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Х.Мөнхбаатар нар тус тус түрүүлж, уран барилдаанаараа үзэгч олны анхаарлыг татав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү