Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст ханджээ


2 цаг

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийдвэр гарсан. Тэгвэл Н.Өсөхбаяр уг гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисст өргөдөл гаргажээ.

Хэрэв түүний биед допингийн төрлийн бодисыг зориуд, мэдэгдэхгүйгээр хэрэглүүлсэн нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдвол барилдах эрхийг нь хасаж, цолыг нь хураах тухай Үндэсний бөхийн салбар хорооны санал, шийдвэр хүчингүй болж, Н.Өсөхбаяр цагаадах боломжтой юм.

Тэрбээр, өнгөрсөн оны долдугаар сард өөрийн гаргасан мэдэгдэлдээ “Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна. Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй. Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low”илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг. Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэдгийг хэлж байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү