Ц.Жаргалантуул: Сургууль, цэцэрлэг эхэлснээс хойш халдвар авах хүүхдүүдийн хувь өсөөгүй


2 жил

Нийслэлд 2021-2022 оны хичээлийн жилд 40 330 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ.

 

Төрийн өмчийн сургуульд элсэж буй шинэхэн сурагчдыг наймдугаар сарын 16-наас цахимаар бүртгэж эхэлсэн. Элсэлт болоод хамран сургах тойргийн талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодруулснаа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.

 

-Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийн явц хэр байна вэ. Энэ жилийн цахим бүртгэлийн онцлог юу вэ?

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн бүртгэлийг улсын хэмжээнд цахимаар зохион байгуулж байгаагаар онцлог. Өмнөх 3 жилд зөвхөн нийслэлд цахим бүртгэл хийж байсан. Энэ туршлагаараа бэлтгэлийг наймдугаар  сарын 5-наас эхэлсэн. Энэ сарын 16-нд бүртгэл эхэлсэн эхний өдөр нийслэлд нийт сурагчдын 16, аймгуудад 10 хувь нь бүртгүүлсэн. Өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд регистрийн дугаараараа бүртгүүлээд, мэдээлэл нь сургуульд очдог, сургууль түүнийг нь нягтлаад элсүүлдэг байсан бол энэ жил Үндэсний статистикийн хорооноос иргэний бүртгэлийн бааз дээр үндэслэн бүртгэнэ. Хаягийн зөрчилгүй хүүхдийг www.parent.edu.mn цахим хаягаар бүртгэхэд хүндрэлгүй. Хэрэв бүртгэл амжилтгүй болох аваас сургуулиуд дээр биечлэн очно. Сургууль бүрд элсэлтийн комисс ажиллаж байгаа. Энэ комисс янз бүрийн шалтгаанаар бүртгүүлж чадахгүй байгаа хүүхдийн асуудлыг шийдэх юм.

 

-Хамран сургах тойргийг хэрхэн тогтоодог вэ. Жил бүр өөрчлөн шинэчилдэг шалтгаан юу вэ?

Хамран сургах тойргийг жил бүр шинэчлэн тогтоохоос аргагүй нөхцөл байдал үүсдэг. Намраас хавар хүртэлх хичээлийн жилд гэхэд тухайн байршилд барилга байшин олноор баригдахын дээр шинээр сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад ороход өөрчлөлт ордог. Хамран сургах тойргийн эхний мэдээллийг сургуулиуд баг, хорооны нийгмийн ажилтнуудтай хамтран боловсруулдаг. Дараа нь дүүрэг нэмж зохицуулалт хийн, боловсруулсан саналаа Нийслэлийн Боловсролын газарт ирүүлдэг.

 

-Зарим эцэг эх амьдралын шаардлагаар хүүхдээ гэрт ойр бус, ажилдаа ойр сургуульд сургах сонирхолтой байх нь бий?

Хамран сургах тойргийн хамгийн эхний зорилго нь нэг ч хүүхдийг сургуулийн гадна үлдээхгүйд оршдог. “Хүүхэд гэртээ ойр сургуульд сурах нь хамгийн таатай нөхцөл” гэдгийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл манай зарим  эцэг эх хүүхдээ хамран сургах тойргоос гадуур сургуульд хуурамч бичиг баримт бүрдүүлэн оруулах тохиолдол их гардаг. Мөн зарим хүүхдийн эцэг эх нь эзгүй, гадаадад ажиллаж амьдардгаас эмээ өвөөгийнхөө хаягаар суралцах нь бий. Хөдөө орон нутгаас хотод ирээд бүртгүүлээгүйгээс асуудал үүсдэг. Сайн гэсэн сургуульд хэт ачаалал үүрүүлж, олон сурагч элсүүлснээс тухайн сургуулийн сургалтын чанарт нөлөөлөх нь ч бий. Нөгөөтээгүүр эцэг эхийн анхаарал, халамж сайн байгаа цагт захын сургуульд ч амжилттай суралцана. Хамран сургах тойрог, цахим элсэлт зэргийг зохион байгуулах болсон нь ч дээрх шалтгаантай холбоотой.  

 

-Сүүлийн хоёр хичээлийн жилд сурагчид танхимаар бүрэн хичээллээгүй. Харин энэ жил танхим болон цахимаар холимог байдлаар хичээллэх шийдвэр гарсан. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн хангах вэ?

Наймдугаар сарын 4-ний Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийг танхимаар хичээллүүлэх  шийдвэр гаргасан. БШУЯ-наас яамнаас 5:9 стратеги барьж, таван өдөр танхимаар, таван өдөр цахимаар хичээллэнэ. Хагас, бүтэн сайн өдрийг тооцохоор хүүхэд есөн өдөр гэртээ байх юм. Энэ хугацаанд хүүхэд өвдсөн бол илэрнэ. Ес хоногт ямар нэгэн зовуурь илрэхгүй бол эрүүл гэж үзэн танхимын хичээлд сууна. Нэг ангид хичээллэх хүүхдийн тоог цөөрүүлнэ. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу нэг ангид 20+-5 гэсэн тоогоор хичээллүүлнэ. Эхний 25 хүүхдэд танхимаар хичээл орж байхад дараагийн 25 нь цахимаар хичээлээ хийнэ гэсэн үг. 

 

-Лаборатори сургуулиуд харьяалал хамаарахгүйгээр чадварлаг сурагчдыг шалгаруулан элсүүлдэг. Эдгээр сургууль гүнзгийрүүлсэн сургалтдаа элсэлт авахгүй гэсэн үг үү?

Улаанбаатар хотод нэлээд хэдэн сургууль хамран сургах тойроггүй байсан. Лаборатори сургуулийн ойролцоо гэртэй хүүхдийг тухайн сургуульд оруулах хүсэлтэйгээ эцэг эхчүүд удаа дараа илэрхийлж, хамран сургах тойрогтой болгосон. Гэхдээ дагнасан болон гүнзгийрүүлсэн сургалтаа орхиогүй. Сургуулийнхаа хүчин чадлыг тооцоолоод, нэмэлт элсэлт зохион байгуулах эрх нь нээлттэй.

 

-Кембрижийн сургалттай сургуулиуд мөн адил уу?

БШУЯ-ны харьяа ерөнхий боловсролын гурван сургууль кембрижийн олон улсын хөтөлбөртэй. Тэдгээр сургуульд ил тод, нээлттэй элсэлт авч, шалгаруулалтад тэнцсэн сурагчид сурч байгаа.

 

-Хувийн хэвшлийн дунд сургууль, цэцэрлэгүүд цахимаар хичээллэсэн ч төлбөрөө бүтэн авсан гэх гомдол гарч байсан. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Энэ асуудлаар эцэг эхчүүд сургуулийн захиргаатайгаа тохиролцох ёстой. Нийслэлийн Боловсролын газраас төлбөрийн уян хатан нөхцөлөөр ажиллахыг сануулсан. Эхний ээлжинд улирлаар нь төлбөрийг авах, цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн хэрэглэлийг мөн улирлаар бодож бага хэмжээтэй авах гэх мэт зохицуулалт хийж байгаа.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү