Америкийн сагсан бөмбөгийн од Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алджээ


4 жил

Америкийн сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэгт тооцогддог байсан Коби Брайант өчигдөр Лос Анжелес хотын ойролцоо нисдэг тэргээр зорчиж байгаад осолдож амиа алджээ.

 

Тэрээр 41 настай байсан юм.

Нисдэг тэрэгт зорчиж явсан есөн хүн бүгд амиа алдсан бөгөөд тэдний дотор Брайантын 13 настай охин Жианна багтжээ.

Брайант нь Лос Анжелес Лэйкерс багт тоглодог байх үеэсээ Sikorsky S-76 нисдэг тэргийг өдөр тутам ашигладаг байсан гэдэг.

Тэрээр Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн лигийн 20 улиралд тоглохдоо бүгдэнд нь Лос Анжелес Лэйкерс багтай оролцсон бөгөөд таван удаа аваргын цом хүртэж, 18 удаа бүх оддын шигшээ багт шалгарч байжээ.

Тэр бас тус лигийн түүхэнд 33,643 оноогоор гуравдугаарт бичигдэх амжилт үзүүлж байв. Түүний энэ амжилтыг өнгөрсөн Бямба гарагт Леброн Жэймс гүйцэж түрүүлсэн юм.

Брайант мөн 2018 онд “Dear Basketball” богино хэмжээний энимэйшн бүтээлээр Оскарын шагнал хүртэж байжээ. Тэр бас 2008, 2012 онуудад АНУ-ын шигшээ багт багтаж, хоёр удаа Олимпийн алтан медаль хүртэж байв.

2015-2016 оны улирлын тоглолтын үеэр Брайант гэмтэл бэртлийн улмаас зодог тайлж байжээ. Хувийн амьдралын хувьд тэрээр Жианна, Натали, Бианка, Капри дөрвөн охинтой. Бага охин нь 2019 оны зургаадугаар сард мэндэлсэн юм.

Брайант эхнэр Ванессатайгаа 10 жил амьдарсны дараа 2011 онд салсан ч 2013 онд эргэж нийлсэн байна.

Зодог тайлснаасаа хойш тэрээр хувийн бизнес болон буяны үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү