Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өнгөрсөн наймдугаар сараас хойш цалингаа нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж байгаа билээ. Тэд цалин нэмэгдүүлэх шийдвэр гарахаас нааш тэмцлийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдгээ илэрхийлсээр байгаа. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн салбарын ажилчид хугацаагүй ажил хаялтад нэгдэхээ илэрхийлж мэдэгдэл хийлээ.
Энэ талаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Мягмар "Яг одоо Монгол орон даяар бүх эмнэлгийн ажилчид хурлын танхимдаа ажил хаялтыг дэмжсэн эсэргүүцлийн цуглааныг хийж байна. Өнөөдөр бид цалин нэмээд өг гэж гуйгаагүй. Төрийн удирдлагууд өөрсдөө амлаж гарч ирсэн. Амлалтаа биелүүлэхгүй байна.
Яг одоо 21 аймгийн эмч эмнэлгийн ажилчид бүгд ажил хаялтад нэгдэж байна гэсэн энгэрийн тэмдэг зүүсэн байна. Бид өнөөдөр цалингаа 5-10 хувь нэмэгдүүлэхээр, урамшуулал авахаар талбай дээр жагсаагүй. Харин үндсэн цалингаа 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Өнөөдөр 14:00 цагт хэрвээ тодорхой хариу санал өгөхгүй бол бид тэмцлээ зогсоохгүй. Бид тууштай тэмцэнэ" гэв.