Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид фэйсбүүкээр бусадтай танилцан, дээрэм хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ.
Энэ сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо 96 дугаар сургуулийн орчимд иргэн Г нь үл таних 2 эрэгтэйд зодуулж дух болон нүдний ухархайны яс цөмөрч гэмтэн гар утас, эд зүйлээ дээрэмдүүлсэн ноцтой гэмт хэрэг гарчээ.
Мөн Баянгол дүүргийн 17 дугаар хороо 47а байрны орчим аравдугаар сарын 14-наас 15-нд шилжих шөнө иргэн Х.Н нь үл таних 2 эрэгтэйд гар, нуруу хөлөн тус газраа хутгалуулж гар утсаа дээрэмдүүлсэн хэрэг гарсан байна.
Дээрх хэргүүдийг эрхэлсэн тодорхой ажилгүй 17-18 насны эмэгтэй Х.Х, эрэгтэй А.З, Э.Б нар үйлдсэн бөгөөд Х.Х нь фэйсбүүк хаягаар залуучуудтай танилцан, хөл хөдөлгөөн багатай, камерын хяналтгүй, гэрэлтүүлэг муу газрыг сонгон авч, шөнийн цагаар уулзахаар болздог байжээ. Энэ үед А.З, Э.Б нар нь зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан, бусдын бие махбодод ноцтой гэмтэл, хохирол учруулан, эд зүйлийг нь дээрэмддэг байсныг тогтоон хэргийг шалгаж байгаа аж.