Тэс омгийн адууг Тэсийн голын сав нутагт үржүүлж байна


7 жил

Тэс омгийн адууг Тэсийн голын сав нутагт үржүүлдэг. Тэс адуу нь бие томтой, мах ихтэй, уналгын чадвар сайн, хурдан зэрэг сайн чанаруудаар монгол адуунаас ялгаатай.

Уг адуу нь Тэсийн голын сав газрын байгаль орчны нөхцөлд тухайлбал8 өвөл цас их унадаг, -40-50 хэм хүртэл хүйтэрдэг, зун нь +40 хэм хүрч халдаг, элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт сайн зохицсон бөгөөд бие том, чацархаг, урт өтгөн дэл сүүлтэй, сахлаг хөөвөртэй, том далбагар туурай, цээжин бие, хөл мөч сайн хөгжсөн, хурдны шинж илүү тод илэрсэн байдаг байна.

Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Завханы Баянтэс, Тэс, Баян-Уул, Увсын Зүүнговь, Тэс суманд энэ адууг цэврээр үржүүлж байна. Тэс адууны үндсэн зүс нь улаан хээр, хээр, бор, хул, зээрд. Тэс адууны удмууд нь уналга-мах, мах-уналганы хэвшлээр ялгаатай.

Тэс адуу нутгийн монгол адуунаас сэрвээ, хондлой 1-3 см-ээр өндөр, бие урт, ясархаг бөгөөд цээжний өргөн, гүний хэмжээ ялимгүй дутуу байдаг ажээ. 1960 оноос судалгаа шинжилгээний ажил хийгдэж улмаар 1980-аад оноос Тэс адууны тархацыг тэлэх асуудал шинжлэх ухааны болон мэргэжлийн байгууллага, үүлдэр зохион бүтээгчдийн анхаарлын төвд байсаар ирсэн.

1999 онд Увс аймгийн МСУХ-ноос ХХААЯ-нд Тэс хэвшлийн адууг үүлдэр болгох талаар тодорхойлолт хүргүүлж байсан баримт бий. Увс аймгийн ЗДТГ, Тэс сумын ЗДТГ, Увс аймгийн ХХААГ-аас эрдэмтэн судлаачдын олон жилийн шинжилгээ судалгааны ажил дээр тулгуурлан Тэс омгийн адууны стандартыг батлуулан үүлдэр болгуулах талаар ажиллаж байна.

Тэс омгийн адууны хэмжилт хийх, зураг авах, баримтжуулах ажлын хэсэг Тэс суманд гурав хоног ажиллажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү