П.Сумьяасүрэн: Баянзүрх дүүрэгт зам тээврийн осол хамгийн их гардаг


7 жил

Энэ жилийн эхний гурван сард  зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдсаны хоёр нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдэн, бусад дүүрэгтэй харьцуулахад том тоо гарчээ. Иргэд болон эцэг эхчүүдийн зүгээс хүн ам олноор төвлөрсөн газруудад, ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчинд хурд сааруулагч тавиулах хүсэлтийг их гаргадаг тухай  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга П.Сумьяасүрэнгээс Зууны мэдээ сонин тодруулга авчээ.

-Эцэг эхчүүдээс сургуулийн ойр орчмын замд хурд сааруулагч тавиулах хүсэлт их байдаг гэсэн. Энэ тал дээр дүүрэг чухам ямар ажил хийж байна бэ?

-Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад өртдөг байна. Судалгаанаас харахад хүүхдүүд зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр өөрсдийн замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг хэдий ч жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байдаг. Тиймээс дүүргийн Засаг даргын Тамгын газраас замын хөдөлгөөний эрчим өндөр, хэрэг зөрчил ихээр гардаг 28 байршлын судалгааг гаргаж Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлээд байгаа.

-Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн орчимд авто замын сааруулагчгүй буюу хүүхдэд эрсдэлтэй зам, уулзвар 28 байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэ байршлууд бол маш эрсдэлтэй буюу зайлшгүй хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ, хайлс хашлага хэрэгтэй байгаа газрууд гэсэн үг. Жишээ нь, 48 дугаар сургуулийн хойд зам, Орос цэргийн оршуулгын хойд талын автобусны буудлын гарц, 79 дүгээр сургуулийн урд зам, Батлан хамгаалахын их сургуулиас Улаан­хуарангийн эцэс хүртэлх замд гэх мэтчилэн 28 байршил байгаа юм. Мэргэжлийн байгуул­лагаас хийсэн судалгаагаар тус дүүрэгт зам тээврийн осол хамгийн их гардаг бөгөөд 2015 оны байдлаар 262 хүүхэд зам тээврийн осолд өртөж гурван хүүхэд амь насаа алдсан байдаг. Өнгөрөгч онд нийт 251 хүүхэд осолд өртсөн байх жишээтэй.

 48 дугаар сургуулийн хойд зам, Орос цэргийн оршуулгын хойд талын автобусны буудлын гарц, 79 дүгээр сургуулийн урд зам, Батлан хамгаалахын их сургуулиас Улаан­хуарангийн эцэс хүртэлх замд гэх мэтчилэн 28 байршил байгаа

-Та бүхэн санал хүргүүлж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэсэн хэдий ч үр дүн л  хамгийн чухал?

-Тэгэлгүй яахав. Эхний ээлжинд дүүргийн Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс хамтран судалгаа хийж шинээр хурд сааруулагч, тэмдэг, тэмдэглэгээ хийх шаардлагатай байгааг тогтоолоо. Өөрөөр хэлбэл, дүүрэг судалгаагаа хийж, саналаа хүргүүлдэг боловч дээд шатны холбогдох байгууллагуудаас шийдвэрлэх хугацаа урт, удаан байдаг. Гэтэл зам тээврийн осол гэдэг хэдхэн минут, секундийн л асуудал байдаг шүү дээ. Манай улс замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүндхэн нөхцөлтэй улс орны тоонд ордог. Гурван сая гаруй хүнтэй боловч 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 1.5 сая орчим жолоочтой. Тиймээс шаардлагатай байршлуудад авто замын хурд сааруулагч, тэмдэг, тэмдэглэгээг байршуулснаар замын хөдөлгөөний ослын тоо буурах, явган зорчигч авто замаар саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ. Ер нь зам тээврийн ослын хохирогчдын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй болдог гэсэн судалгаа байдаг юм билээ. Тийм учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал зайлшгүй анхаарах асуудал мөн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү