Завхан аймаг хонины ноосоор баялаг бүтээнэ


7 жил

Завхан аймаг ирэх жилүүдэд хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд хонины ноосоороо баялаг бүтээхээр эхний ээлжинд Улаанбаатар хотод 3 эмэгтэйг эсгий урлалын мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулжээ. Түүнчлэн 24 сумын бүсгүйчүүдийн төлөөлөл болох 29 хүнд сургалт зохион байгуулсан байна.

Улаанбаатар хотоос урилгаар “Цагаан солонго” ХХК-ийн захирал, сургагч багш О.Эрдэнэчимэг ирж сургалт явуулжээ. Сум сумаа төлөөлж ирсэн бүсгүйчүүд сургалтын 10 хоногийн хугацаанд ширмэл ширдэг, аравч, олбог гээд хүн бүр 5-6 нэр төрлийн бүтээгдэхүүн хийх технологийг сурч, бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцуулсан юм.



Сургалтад хамрагдсан бүсгүйчүүд мөн өөр өөрийн сумынхаа иргэдэд сургалтаа шат дараатайгаар зохион байгуулна. Ингэснээр малчид үнэ багатай байгаа хонины ноосоороо баялаг бүтээж, өрх бүр үйлдвэрлэгч болох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Эсгий урлалын бүтээлүүдийг Улаанбаатар хот дахь “Бизнесийг дэмжих нэгж”-ээрээ дамжуулан борлуулахад дэмжлэг үзүүлнэ гэж Завхан аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа хэллээ. Түүнчлэн энэ оны долоодугаар сарын 23-25-ны өдрүүдэд Завхан аймагт болох “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын үеэр гадна, дотны зочид төлөөлөгчдийн худалдан авах бэлэг дурсгалд эсгий урлалын бүтээлүүд зүй ёсоор багтана гэдгийг онцолсон юм.



Ийнхүү үйлдвэрлэгч аймаг болох зорилтыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд манлайлан оролцож, эсгий урлалын мэргэжлийн ур чадвар олгох эхний сургалтаа амжилттай зохион байгуулав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү