Хепатитийн вирусын асуудлаар олон улсын сургалт болж байна


7 жил

"Хепатитийн вирусын халдварын тандалт, лабораторийн сүлжээ, өвчтөний хяналт" сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Уг сургалтын үр дүнд манай улс ДЭМБ-ын гишүүн орнуудын туршлагаас харилцан суралцаж, хамтран ажиллах боломжтой болох юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ, МУ-ын ЗГ-аас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө энэхүү сургалт зохиогдож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Бид бусад улс орнуудтай харилцан туршлага солилцох нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм. Манай улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусыг бууруулах зорилгоор хэд хэдэн багц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Ялангуяа элэгний С вирусын халдварын тархалтыг таслан зогсоох, шинэ тохиолдлыг эрс бууруулахад  анхаарлаа хандуулсан. Уг хөтөлбөрийг 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, ХНХЯ-тай хамтран  “Даатгуулагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ыг боловсруулж,  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд хамгийн эрсдэл өндөртэй байгаа 40-65 насны бүх иргэдийг В, С вирусын илрүүлэг шинжилгээнд ЭМД-ын санхүүжилтээр хамруулахаар ажиллаж байна. Мөн вирусын ачаалал тоолох шинжилгээг ЭМД-ийн зардлаар хувийн хэвшлийн эмнэлэг, лабораториор хийлгэх сонгон шалгаруулалт зарласан. В, С вирусын эсрэг эмчилгээний эмүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хувиар хөнгөлж байгаа гэдгийг цохон тэмдэглэлээ.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Су Нюунт-У хэлэхдээ, Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд МУ-ын Засгийн газар, ЭМЯ хичээн ажиллаж байгаа нь харагдаж байна. МУ нь ДЭМБ-ын удирдамжийн дагуу хепатит өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх удирдамжуудыг гарган ажиллаж байгааг онцлон тэмдэглэхэд баяртай байна. Өнөөдрийн сургалт нь лабораторийн болон тандалтын тогтолцоог хооронд нь уялдуулах, сайжруулахад ач холбогдолтой бөгөөд цаг үеэ олсон сургалт болж байна гэв.

"Хепатитийн вирусын халдварын тандалт, лабораторийн сүлжээ, өвчтөний хяналт" сэдэвт сургалт 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү