Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС”


1 цаг

COP17 болоход долоон сар үлджээ.

Сараар нь  тооцвол бэлтгэх хугацаа хангалттай мэт боловч хийж, гүйцэтгэх ажилтай нь харьцуулахад боломж бага үлджээ. Тэгвэл энэ удаад COP17 хурлын талаарх ерөнхий ойлголт, тэр дундаа “НОГООН БҮС” ба хувийн хэвшлийнхний боломж сэдвийг онцолж байна. 

Уур амьсгалын салбарын инноваци, бодлогын санаачлагыг олон улсын тавцанд гаргах боломж COP17 гэж ямар учиртай хурал вэ, ач холбогдол нь юу вэ гэдэгт товч хариулт өгье.

COP17 нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын (UNCCD) 17 дугаар бага хурал юм. Тодруулбал, дэлхийн улс орнуудын төлөөлөгчид цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хөндөж, гарц шийдэл эрэлхийлэн хэлэлцдэг олон улсын томоохон арга хэмжээ юм. Монгол Улс тус хуралдааныг 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэж байна.  

Энэхүү хурал нь 190 гаруй улс орон, төр засаг, олон улсын байгууллага, шинжлэх ухааны салбарынхан, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчид гээд  бүгдэд нээлттэй. Учир нь, энэ үеэр дэвшүүлсэн санаачилга, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлээ тодорхой болгох, гаднын хөрөнгө оруулалт татах, төсөл хөтөлбөр эхлүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох хувилбар гээд олон улсын тавцанд танилцуулах томоохон боломж юм. Холбогдох хурлууд нь зөвхөн байгаль орчны хэлэлцүүлэг бус тухайн улсад богино, дунд, урт хугацааны эдийн засгийн үр нөлөө үзүүлдгээрээ ихээхэн давуу талтай. Энэхүү боломжийг бүрдүүлэх талбар нь “ЦЭНХЭР БҮС”,  “НОГООН БҮС” байх юм. 

-Танилцуулга-Хэлэлцээ-Түшнлэл рүү шилжих боломж-

“НОГООН БҮС” хэнд хамааралтай, ямар онцлог, давуу талтай вэ? Товчхондоо, энэ бүс бол зах зээлийн талбар. Тодруулбал, “НОГООН БҮС” гэдэг нь COP17 хурлын талбар дахь албан бус, чөлөөт оролцоотой, нээлттэй бүс юм. Энэ бүс нь албан ёсны хэлэлцээрүүд явагдах “ЦЭНХЭР БҮС” (blue zone)-тэй харьцуулахад илүү өргөн хүрээний оролцогчдод нээлттэй. Энэ утгаараа монгол хүн бүр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн, оюутан, залуучууд, бизнес эрхлэгчид, технологийн инновац, соёл, шинжлэх ухаан зэрэг олон талын оролцоог дэмжсэн нээлттэй платформ байна. Давуу талаас нь дурдвал, нээлттэй оролцоо, илүү гүйцэтгэлтэй харилцаа, мэдлэг инновацын солилцоо, танилцуулах, таниулах боломж гээд хөвөрнө.      

Нээлттэй оролцооны тухайд гэвэл, иргэнээс эхлээд соёл урлагийн бүх шатны төлөөлөл оролцож, өөрсдийн санаачилга, туршлагаа танилцуулах боломжтой. Илүү гүйцэтгэлтэй харилцаа нь төр-бизнес-иргэний нийгмийн түншлэл бий болгох, клуб хэлбэрийн уулзалт, семинар, үзэсгэлэн, танилцуулах өрөө, инновацын платформуудыг зохион байгуулах боломжтой юм. Харин мэдлэг, инновацын солилцооны хувьд шинэ технологи, төслүүдийг дэлхий нийтэд танилцуулах, хөрөнгө оруулагчидтай холбох уян хатан орон зай. Харин танилцуулах, таниулах боломж нь байгаль орчны шийдлүүд, тогтвортой үйлдвэрлэл, зорилтот хөтөлбөрүүдийг олон нийтэд илүү олон талаас нь харуулах, мэдээлэх талбар байх юм. Өөрөөр хэлбэл, албан ёсны ажилллагаа багатай, шууд харилцаа үүсгэдэг, танилцуулга-хэлэлцээ-түншлэл рүү хурдан шилждэг. Төрийн бодлого, олон улсын санхүүжилт, хувийн хэвшлийн шийдэл гурвын уулзвар. 

-Бэлтгэлтэй нь дараагийн 10 жилийн тоглогч байх болно-

Ийм олон давуу талтай талбар буюу “НОГООН БҮС” хувийн хэвшлийнхэнд ямар боломж олгох вэ гэдэг асуулт бий. Боломж гэдэгт урт жагсаалт хөвөрнө. Тодруулбал, хувийн хэвшлийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн хувьд COP17 болон түүний “НОГООН БҮС” нь хөрөнгө оруулалт татах, түншлэл, хамтын ажиллагаа, шинэлэг технологи, инновацын танилцуулга, залуучууд, иргэний нийгэмтэй холболт, брэнд нэр хүнд нэмэгдүүлэх зэрэг боломжийг нээж өгнө.   

Хөрөнгө оруулалт татах боломж: COP17 нь Монгол Улсын төсөл, санаачилгыг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж, санхүүжилт татах платформ болно. Жишээлбэл, байгаль орчны салбарын урт хугацааны төслүүдэд олон улсын санхүүжилт болох 1.5 тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө босгох боломж бий гэж тооцоолж байна. 
Түншлэл, хамтын ажиллагаа: “НОГООН БҮС” нь бизнес эрхлэгчдэд олон улсын компани, засаг захиргаа, мэдээлэл технологийн шийдэл, санхүүгийн байгууллагуудтай тулж ажиллах, түншлэл байгуулах боломж олгоно.  
Шинэлэг технологи, инновацийн танилцуулга: Уур амьсгалын шийдлүүд, ухаалаг систем, ESG (байгаль орчин, нийгэм, засаглал) хандлагыг харуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг олон нийтэд танилцуулах, маркетингийн платформ болно. 

Брэнд, нэр хүнд нэмэгдүүлэх: Олон улсын чуулган, үзэсгэлэн, панел хэлэлцүүлэгт оролцсоноор брэндийн харагдах байдал, нэр хүнд өсөх, уур амьсгалын арга хэмжээг дэмжигч компани гэдгээ тодотгон харуулах боломжтой. 
Залуучууд, иргэний нийгэмтэй холболт: “НОГООН БҮС” нь иргэд, залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудтай нээлттэй харилцаж, хамтран ажиллах боломжийг олгох томоохон талбар байна.  

Эцэст нь хэлэхэд, долоон сарын дараа Монгол Улсад зохион байгуулагдах COP17 нь зөвхөн уур амьсгалын асуудлыг хэлэлцэх чуулган төдийгүй хувийн хэвшилд олон улсын түншлэл, хөрөнгө оруулалт, технологийн солилцоо, шинэ бизнесийн боломжуудыг нээж өгөх платформ гэдгийг дахин онцлоё. Тэр дундаа “НОГООН БҮС” нь төр-бизнес-иргэний нийгмийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, инновац, санаачилгыг олон нийтэд таниулах, хөрөнгө оруулагчидтай холбох үнэ цэнэтэй талбар байхаараа онцлог, давуу талтай. Товчхондоо, нээлттэй бөгөөд ээлтэй “НОГООН БҮС” рүү хэн бэлтгэлтэй орно, тэр дараагийн 10 жилийн тоглогч байх болно.

С.Юмсүрэн

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү