‘Бээжин-2022’ олимпын зочдоос 72 тохиолдол батлагдаж, хариу арга хэмжээгээ чангатгалаа


4 сар

БНХАУ-ын нийслэл Бээжин хот Өвлийн олимпын наадмыг хүлээн авахад ердөө 11 хоногийн хугацаа үлдээд байна. Гэвч нийслэл болон ойролцоох хотуудад ковидын тархалт нэмэгдсээр байгаа юм.   

Тухайлбал, БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр бямба гаригт Бээжин хотод ковидын есөн тохиолдол шинээр илэрсэн байна. Бээжин хотын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр нийслэлд бүртгэгдсэн нийт есөн тохиолдлын зургаа нь Фэнтай дүүрэгт бүртгэгдсэн аж.

Улмаар Бээжин хотын захиргаа ням гаригт ковидын тархалтыг таслан зогсоох хариу арга хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, Фэнтай дүүргийн бүх оршин суугчдыг “PCR” шинжилгээнд хамруулсан байна.  

Бээжин хотын захиргаанаас халдварын эрсдэлтэй бүс, тэр дундаа Фэнтай дүүргийн оршин суугчдыг хотоос гарахгүй байхыг уриалсан бөгөөд иргэдийн олноор цуглахгүй байхыг анхааруулсан юм. Фэнтай дүүрэгт вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдийг даваа гаригаас цэцэрлэгт явуулахгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулсан байна. Мөн гадаад улсаас илгээмж авснаас хойш 14 хоногийн хугацаанд ковидын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай “PCR” шинжилгээ хийлгэхийг зөвлөжээ.  

Учир нь, Бээжин хотын эрүүл мэндийн байгууллага нийслэл дэх Омикрон хувилбарын өнөөгийн тархалт нь Канад улсаас ирсэн илгээмжээр зөөвөрлөгдөн орж ирсэн гэж таамаглаж байгаа юм.

Тэгвэл “Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын мэдээлснээр нэгдүгээр сарын 4-нөөс 22-ны хооронд олимпын наадамд оролцох 2586 гадаадын баг тамирчид, төлөөлөгчид хүрэлцэн ирээд байгаагаас ковидын 72 тохиолдол батлагдсан байна.

Зохион байгуулагчид өнгөрсөн долоо хоногт өвлийн олимпын наадмын бүх спортын тэмцээн, арга хэмжээ олон нийтээс бүрэн тусгаарлагдсан буюу “bubble” хэлбэрээр, үзэгчгүй зохион байгуулагдахаар болсон шийдвэрийг танилцуулсан. Олимпын наадамд оролцох баг тамирчид, төлөөлөгчид Бээжин хотод хүрэлцэн ирэхээсээ өмнө 96 цагийн дотор “PCR” шинжилгээгээр хоёр удаа ковидын сөрөг хариу авсан байх шаардлагатай.

Тэгвэл өвлийн олимпын наадмыг зохион байгуулагчдын мэдээлснээр гадаадын төлөөлөгчдөөс илэрсэн 72 тохиолдлын 39 нь онгоцны буудал дээр илэрсэн бол үлдсэн 33 нь олимпын "bubble" дотор илэрсэн байна. “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрүүл мэндийн шинжээчдийн зөвлөлийн дарга Брайан МакКлоски энэ талаар цар тахлын үед зохион байгуулагдсан “Токио-2020” олимпын наадмын туршлагаас бид тамирчид, төлөөлөгчдөөс энэ хэмжээний халдвар илрэх хүлээлттэй байсан. Бид “bubble” дотор халдвар бүртгэгдэх ёсгүй гэх зорилтыг огт тавиагүй гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү