Н.Дэмбэрэлдагва: Д.Эрдэнэбатыг хууль зөрчсөн, эрх мэдлээ ашигласан гэж нотолсон ганц ч баримтыг прокурорууд гаргаж чадаагүй


9 сар

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагватай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатыг албан тушаа­лын гэмт хэргээр ялласан. Анхан шатны шүүхийн шийд­вэрийг та уншигчдад  ойлгомжтой хэлээд өгөхгүй юү?

-УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатыг албан тушаалын гэх хэрэгт холбогдуулж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулчихаад байна. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Давж заалдах гомдол гаргасан.  Одоо хэрэг нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оччихсон байгаа. Таны мэдээлэл олж авах эрхийг чинь хүндэтгээд өмгөөлөгчийн хувиар асуултад чинь хариулъя.   Манай үйлчлүүлэгч Д.Эрдэнэбатыг 2012-2016 оны хооронд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хуулийн хэллэгээр бол  албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж хорих ял оноосон. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас авчирсан асуудалтай холбогдсон гэж  буруутгаж ял оногдуулж байгаа юм. Д.Эрдэнэбат тухайн үед сайдаар ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Ерөнхий сайд дуудаад 2016 оны зургадугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд “Та энэ асуудлыг танилцуул. ЗГХЭГ дээрээс танилцуулгыг ав” гэсэн үүргийг өгсөн байдаг. Зургадугаар сарын 8-ны өдөр өгсөн үүргийн дагуу ЗГХЭГ-аас танилцуулгыг аваад  Зас­гийн газрын хуралдаанд зургадугаар сарын 9-ний өдөр оролцсон. Түүнээс биш сайд Д.Эрдэнэбат ч, Аж үйлдвэрийн яам ч танилцуулгыг бэлтгээгүй.  Үүнийг тухайн үеийн ЗГХЭГ-ын албан тушаалтнууд нотолж, эрүүгийн хэрэгт мэдүүлгээ өгчихсөн байгаа.

-”Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар бэлтгээгүй танилцуулгаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан, өөрөө сууж оролцоогүй Засгийн газрын хуралдааны шийдвэрт гарын үсгийн хэвээ даруулсан гэж хэлээд байсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Засгийн газрын 2016 оны зургадугаар 9-ний хуралдаанд энэ асуудлыг хэлэлцүүлэх явцад хуралдаанд оролцсон сайд нар санал гаргаж, зарим зүйлийг тодруулах шаардлага байна гээд түр хойшлогдсон байдаг юм. 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр дахин Засгийн газрын хуралдаан болох үед Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажил албаар томилолттой явж таарсан тул өөрөө биечлэн оролцоогүй. ЗГХЭГ-аас албаны хүн түүн рүү утсаар ярьж зургадугаар сарын 13-ны өдрийн тогтоол гарчихсаан, та албажуулж гарын үсгээ зур гэсэн байдаг.

Нэгэнт Засгийн газрын хуралдаанаар олонхоороо шийдчихсэн, Засгийн газраас гарсан тогтоол дээр өөрөө хуралдаанд оролцоогүй ч Үндсэн хуулийн үүргээр олгогдсоны эрхийн дагуу сайд туслахдаа хэлж,  өөрийнхөө гарын үсгийн хэвийг зургадугаар сарын 13-ны өдрийн тогтоолд гарын үсгээ хэвээ даруулсан.  Хуулийн талаас нь би өмгөөлөгчийн хувиар хэлэхэд тухайн хүн биечилж гарын үсэг зураагүй бол хариуцлага хүлээх асуудал байхгүй. Ийм асуудал болсон байхад үүнтэй холбож анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбатыг буруутай гэж үзсэн нь алдаа гэж үзэж байна. Шүүхийн гаргасан шийдвэрийн гол алдаа нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэдгээр  шүүх хуулийг буруу тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл,  Авлигын эсрэг хуульд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах заалтад тухайн хүн хувийнхаа эрх ашиг сонирхолтой холбоотой асуудлыг шийдэхийн тулд, хувийнхаа эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд тухайн асуудлыг шийдсэн байвал албан тушаал эрх мэдлээ ашигласан байна гэж үздэг. Шүүхэд нэгэнт ийм нотолгоо баримт байхгүй байхад хэрэгт буруутгаж,  ял оноосон нь шүүхийн алдаа, хэлмэгдүүлэлт гэж үзэхээс аргагүй байна. Би өмгөөлөгчийн хувиар  прокурорт хандан Д.Эрдэнэбатыг буруутайг нотолсон ганц ч гэсэн баримт гаргаад ирээч тэр баримт хаана байна вэ гэж удаа дараа асууж байсан. Нэгэнт шүүхээс ийм алдаатай шийдвэр гаргасан тул бид давж заалдах шүүхэд гомдол гаргаад л сууж байна.  Тэр үед Д.Эрдэнэбатыг шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч буруугүй гэж үзсэн. Бүр цагаатгая гэж хэлж байсан. Түүнийг хэлсэн шиг Д.Эрдэнэбатыг цагаатгаасай.

-Таны үйлчлүүлэгчийг авлига авсан гэж их шуугисан. Үүнийг зохих байгууллага нотолсон уу?

-Авлига авсан байтугай хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хууль зөрчсөн, албан тушаал, эрх мэдлээ ашигласан гэж нотолсон ганц ч баримтыг прокурорууд гаргаж ирж чадаагүй.

-Тэр буруутгаад байгаа асуудал болох ОХУ-ын 49 хувийг Монголд авчирсан нь зөв болж таарав уу, буруу болж таарав уу. Засгийн газраас сая иргэдийн хэрэглээний цахилгаан, дулааны үнийг тэглэлээ. Тэрийгээ Эрдэнэтийн ашгаас төлөхөөр зохицууллаа. Үр дүнг нь монголчууд хүртэж эхэллээ.  Гэхдээ Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан хүмүүс нь буруутаад байгаа?

-Шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч Д.Эрдэнэбат Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсантай холбоотойгоор Засгийн газрын энэхүү шийдвэрийг “Эх орондоо авчирсны аз нь ард түмэнд маань тусаасай, эз нь над дээр ногдож байгаа юм байна даа” гэсэн утгаар үг хэлж байсан л даа. Үнэхээр аз нь Монголд үр өгөөжөө өгч, ийм хүнд хэцүү үед Монголын ард түмэнд, Монгол Улс цахилгаан, дулааны үнийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлэхээр болж байна. Эрдэнэт үйлдвэр маш их ачааг үүрч байна. Хэрвээ 49 хувийг Монголд авчраагүй бол ийм байдал өнөөдөр үүсэхгүй байсан гэж үзэхээс аргагүй юм. Хуульч хүний хувиар хэлэхэд Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирснаар хор хохирол манай улсад учирсан уу гэдэг дээр хор хохирол учирсан зүйл байхгүй гэж үздэг хүний нэг.

Оюутолгойн гэрээ байгуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчрахад оролцсон хүмүүст баатар цол өгмөөр юм гэж олонд танигдсан хүмүүс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байр сууриа илэрхийлж байгаа нь зөв юм даа гэж бодож байна.

-”Эрдэнэт” үйлдвэр Монголросцветметийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2017 оны хоёрдугаар сарын 10-ны УИХ-ын тогтоол  гэж гарсан. Тэр үед УИХ-ын дарга М.Энхболд байсан. Тэр тогтоолын ганцхан заалтыг эрх баригчид хүчингүй болгосон. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголиан Коппер Корпорейшн” Монголын компани авсан асуудлын талаар?

-Хууль зөрчсөн асуудал байхгүй л болов уу. ОХУ-ын Ростех гэдэг компани Монголын компани хоёрын хооронд болсон асуудал. Худалдагч, худалдан авагч хоёрын дунд болсон асуудал. Миний хувьд энэ тал дээр хувь хүнийхээ байр сууринаас олонд түгж буй мэдээллээс авч буй хүний нэг. Одоо  Засгийн газрыг Арбитрт өгсөн байгаа юм билээ.

-Төмөр замын хэрэг гээчид Таны үйлчлүүлэгч ямар хамааралтай юм бэ?

-Энэ бас Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудал. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг сайдаар ажиллаж байсан нэг хүнд халдааж буруутгаад ял онооно гэдэг нь бас л байж болшгүй зүйл юм. Албан тушаал эрх мэдлийг ашиглах тухайд шүүх буруу ойлгоод байна гэж би ярианыхаа эхэндээ хэлсэн дээ. Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 дугаар заалтад  улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж улс төрийн байгууллагын албан тушаалтны  хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан эсвэл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно гэж маш тодорхой заасан. Тэгтэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийм хуулийн заалтыг барьсангүй л дээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийг Засгийн газар өөрөө хүчингүй болгодог эсвэл УИХ-аас ийм л хуулийн зохицуулалттай. Засгийн газрын шийдвэрт хөндлөнгөөс оролцоод улс төрийн гаргасан шийдвэрийг сугалж аваад тэр байтугай Засгийн газрын хуралдааны шийдвэр ажиллагаанд нь гар биечлэн оролцоогүй хүнд ял онооно гэдэг нь хуулийг маш бүдүүлгээр зөрчиж буй асуудал.

-Таны үйлчлүүлэгч Д.Эрдэнэбатын  биеийн байдал ямар байна вэ. Хоригдож байх хугацаандаа яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа гэсэн мэдээлэл яваад байсан...

-Биеийн байдал нь хэвийн биш л байгаа. Зүрхний мэс засал өмнө нь хийлгэж байсан. Цагдан хоригдох хугацаандаа эмнэлгийн тусламж авч байгаа. Ялангуяа зүрхний мэс засал хийлгэж байсан учраас агаарын дутмагшил, хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаа. Гэхдээ манай үйлчлүүлэгчийн цагдан хоригдож байгаа 409, 461 дүгээр хорих ангийн эмнэлгийн ажилтнууд түүний эрүүл мэндэд зохих хэмжээгээр анхаарч хэр чадлаараа эмнэлгийн тусламж үзүүлж байгааг хэлэх нь зүйтэй.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол тал авах Засгийн газрын  330 дугаар тогтоол гараагүй бол ОХУ-ын эзэмшиж байсан Эрдэнэтийн хувь Монголд биш гадны аль нэгэн оронд оччих байсан уу?

-Үнэндээ Д.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанаар  нэгэнт олонхоороо шийдсэн асуудалд  Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж буйн хувьд гарын үсэг зурахгүй гэх эрх байхгүй. Үндсэн хуульд олонхоороо шийдсэн асуудалд гарын үсэг зурна гээд  тодорхой заачихсан. Сайдын хувиар Үндсэн хуульд заасны дагуу гарын үсэг зурсаан гэдгээ ч хэлж байгаа. Хуульчийн хувьд дахин би онцлон хэлэхэд, миний үйлчлүүлэгч өөрөө биечилж гарын үсэг зураагүй гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Эрдэнэт үйлдвэр Монголд орж ирсэн нь завшаан байлгүй яахав. Тэр үед ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, гадаадын улсаас хориг тавигдчихсан эгзэгтэй үедээ хөрөнгө хувьцааны эрхээ худалдахдаа “ Ростех” худалдагчаа Монголоос олоод 14 хоногийн хугацаа тогтоочихсон асуудал. Хэрэв заасан хугацаанд авахгүй бол өөр худалдан авагч авна гэсэн асуудал тавигдаж байсан. Эрдэнэт үйлдвэр маань Монголдоо бүтнээрээ ирнэ гэдэг нь үнэхээр гавьяатай ажил. Одоо ч Монголын ард түмэн үр дүнг нь хүртээд сууж байна.

-Одоо та бүхний зүгээс  хуулийн байгууллагад ямар хүсэлтийг гаргаад байгаа вэ?

-Давж заалдах гомдлоо гаргачихсан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Д.Эрдэнэбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн нь буруу юм. Засгийн газрын шийдвэрлэсэн буюу улс төрийн шийдвэрийг шүүх дүгнэж, Засгийн газрын шийдвэр гарсан хуралдаанд оролцоогүй сайдыг нь сугалж аваад ял оногдуулна гэдэг нь хуулийг зөрчсөн, хүнийг хэлмэгдүүлсэн байна гэх байр сууринаас  давж заалдах шатанд гомдлоо гаргачихсан байгаа. Тэгээд ч ер нь энэ хүнийг хэлмэгдүүлж байна гэдгийг олон нийт, хэвлэл мэдээллээр ч мэдээлэл гарч байна шүү дээ.

- Д.Эрдэнэбатын өмнөөс өмгөөлөгчийн хувьд төлөөлөн хэлэх зүйл байна уу?

-Манай үйлчлүүлэгч үнэн зөвийг олж шударгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Хувь хүнийхээ үүднээс Монголын ард түмэн Монгол Улсад хор хохирол учруулсан зүйл  хийгээгүй. Хувийн эрх ашгийн үүднээс өөртөө ашигтай шийдвэр гаргасан зүйл огт байхгүй гэдэг байр сууриндаа л байгаа. Дээд шатны шүүх энэ хэрэг дээр үнэн зөвөөр нь шийдвэр гаргах байх гэж найдаж байна даа.

СЭТГҮҮЛЧ Д.МӨНГӨНДАЛАЙ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү