Ц.Цолмон: “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим хууль тогтоогчдын шинэ тэмүүлэл болж байна


6 жил

     Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой ярилцлаа.

    -УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Ази, Номхон далайн бүсийн парламентчдын зөвлөлгөөн зохион байгуулсан. Ямар утга агуулгатай арга хэмжээ болж өнгөрөв өө?

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 онд “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” гэсэн бодлогын том баримт бичиг баталсан. Энэ нь дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдэж, хамтран хүлээн зөвшөөрсөн, дэлхий нийтийн хамгийн их анхаарал татсан баримт бичгийн нэг юм. Дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөөх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын парламент манлайлан ажиллаж, хувь нэмрээ оруулах ёстой гэж орон орны парламентчид үздэг. 

   Энэ үндсэн дээр УИХ-ын санал, санаачилгаар Ази, Номхон далайн бүсийн парламентчдын зөвлөлгөөнийг “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх: Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдвээр зохион байгууллаа. Энэ арга хэмжээг бид НҮБ-ын Хүн амын сан, Азийн Хүн ам ба хөгжлийн нийгэмлэг, Гэр бүл төлөвлөлтийн олон улсын холбоотой хамтран  зохион байгуулсан.

      - Хэчнээн орны парламентын төлөөлөл оролцсон бэ?

Япон, БНХАУ, Малайз, Монгол, Тайланд, Индонез, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Лаос, Ардчилсан Солонгос, Шри Ланк, Вьетнам зэрэг 13 орны парламентыг төлөөлсөн 33 гишүүнээс гадна хүн ам, хөгжлийн асуудлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эксперт, НҮБ-ын Хүн амын сангийн мэргэжилтэн гээд 60 орчим хүн оролцлоо. 

     -Бүсийн орнуудын парламентын төлөөллүүд чухам ямар асуудалд гол анхаарлаа хандуулж байна вэ?

Зөвлөлгөөнөөр Азийн улс орнуудын тулгамдсан асуудлууд болох хүн ам зүйн насжилт, төрөлт, залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчид бололцоогоо дайчлах, хяналт тавих, хуульчлах гэх мэт асуудлуудыг хамарсан үндсэн дөрвөн чиглэлээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

    Дэлхийн хүн ам XX зуунд төрөлт ихтэй байсан бол XXI зуун гарсаар  буурч насжилт нэмэгдэж байгаа, одоогийн байдлаар төрөлт нь нас баралтаа нөхөх түвшинд байгаа ч яваандаа улам буурна гэдгийг парламентчид онцолж байна. Хүн амын насжилт өндөр болсноор татвар төлөгчдийн тоо буурч, нийгмийн даатгалын тогтолцоонд дарамт учруулах зэрэг сөрөг үр дагавар үүсэх учраас энэ өөрчлөлтөд одооноос бэлтгэх хэрэгтэйг чухалчилж байсан.

    Төрөлт буурсан нь байгаль орчны доройтол, насжилттай холбоотой учраас хүн ам зүйн бүтцээ өөрчлөхийн тулд төрөлтийг нэмэгдүүлэх алхмуудыг хийх шаардлагатай. Нийгмийн идэвхтэй хүн ам буюу залуучууд олонтой Монгол мэт улс орнууд хүн амын бодлогоо тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, түрүүлж харснаар ирээдүйд тохиох бэрхшээлийг хүндрэлгүй даван туулж чадна гэдэгт төлөөлөгчид санал нэгдсэн. Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ байгалийн баялгийн ашиглалтын орлогоос сан үүсгэж, сангийнхаа эх үүсвэрийг ирээдүйд чиглүүлж зарцуулах нь оновчтой болохыг онцолж байсныг хэлмээр байна. 

    -Зөвлөлгөөнөөс Тунхаг бичиг баталсан гэсэн. Энэ талаар тодруулж хэлнэ үү?

Зөвлөлгөөнөөр баталсан "Улаанбаатарын тунхаг" баримт бичигт дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн үүрэг, оролцоог бататгах зорилтууд, цаашид анхаарвал зохих чиглэл, үйл ажиллагаа туссан. 

      Энэ тунхаг бичиг 2018 оны 11 дүгээр сард болох НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын VII бага хурлаас гарах үндсэн баримт бичгийн суурь болно гэдгийг НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид онцолж байна лээ. Мөн 2019 оны 4 дүгээр сард Нью-Йорк хотод болох НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн комиссын ээлжит хуралдааны үеэр тэмдэглэх Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Олон улсын бага хурлын 25 жилийн ойн арга хэмжээнд танилцуулж, хэлэлцүүлэх юм билээ.   

    -Зөвлөлгөөнд оролцож үг хэлсэн Ази, Номхон далайн бүсийн парламентын төлөөллүүд Монгол Улсын парламентын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж буйг тэмдэглэж байсан нь таатай санагдсан шүү.

Тийм ээ. Оролцогч орнуудын төлөөллүүд энэ удаагийн зөвлөлгөөний ач холбогдлыг онцгой чухалчилж байсан. Мөн парламент хоорондын харилцаа, парламент дахь бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөх, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн интеграцчилал, улс төр, аюулгүй байдлын үйл явцын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Энэ чиглэлээр манай УИХ, Тамгын газрын сүүлийн жилүүдэд гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн нь надад ч таатай байсан.

Өнгөрсөн жил Монгол Улс ОУПХ-ны (Олон Улсын Парламентын Холбоо) Ази, Номхон далайн бүлгийг даргалж, УИХ-ын дарга М.Энхболд хуралдааныг удирдаж байлаа. ОУПХ-ны шугамаар зохион байгуулсан арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, манай гишүүд хэд хэдэн санал санаачилгыг дангаараа болон бусад орны гишүүдтэй хамтран дэвшүүлсэн нь бодлогын баримт бичгүүдэд тусгалаа олсон. ОУПХ-ны Хүний эрхийн хороонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдоод байгаа. Энэ мэт цөөнгүй жишээ дурдаж болно. 

     -Манайх олон улсын томоохон арга хэмжээ тэр бүр зохион байгуулдаггүй байсан. Техникийн, чадавхийн гээд бидний боломжоос давсан шаардлага тулгардаг гэж ярьж байхыг сонссон. Гэхдээ бас ч хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулчих шиг боллоо. 

Бид бусдаас дутуу гэдэгтэй чинь санал нийлэхгүй байна, уучлаарай. Нэг биш арга хэмжээ зохион байгуулж, өндөр үнэлгээ авсан. Бид туршлагажиж, үнэ цэнэ, чадавхи хуримтлуулж байна. Манайх бусдаас юугаараа ч дутуугүй. Олон улс, бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээг өөртөө зохион байгуулах нь бидний үнэлэмжийг өсгөнө үү гэхээс бууруулахгүй. Зардлын л асуудал гардаг. Зөв зохион байгуулбал бага зардлаар том арга хэмжээ ч зохион байгуулж болно. 

     Энэ удаагийн зөвлөлгөөн гэхэд сүүлийн хоёр жилд УИХ-аас зохион байгуулсан олон улсын чанартай хоёр дахь томоохон арга хэмжээ юм. Өмнө нь 2016 онд Ази, Европын дээд түвшний XI уулзалтын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан.

    Ирэх оны эхний хагаст бид Ази, Номхон далайн бүсийн парламентчдын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

    Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Тухайлбал, дэлхийн улс орны парламентуудтай. Ямар улс байхаас үл хамаараад орон орны хууль тогтоох байгууллагуудад тохиолддог зовлон бэрхшээл нь үндсэндээ ижил. Тулгамдсан асуудал, зорилго чиглэл ч адил. Тиймээс Монголын парламент тэдэнтэйгээ хамтарч, хүчээ нэгтгэж, бие биедээ тус дэм болж ирээдүйг зорих ёстой. “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэдэг шиг “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим дэлхийн хууль тогтоогчдын шинэ эрмэлзэл тэмүүлэл болж байгааг ярилцлагынхаа төгсгөлд тэмдэглэе.

     Ярилцсан Б.Энхболд

                                                          Эх сурвалж: “Өдрийн сонин” 2018.06.18. Дугаар 123(5966)

 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
пролетари [122.201.21.xxx] 4 жил
нэгэн цагт ненин орон бүхний пролетари нэгдэгтүн гээд нэгдээгүй яг харагдаач тэнэг