Шашны зан үйлээс болж насаараа хохирох болсон эрчүүд


6 жил

  Афганистан улсад бичэгдээгүй дүрэм, харамсалтай явдал хөвгүүдийн эрхийг маш ноцтойгоор зөрчигддөг. Энэ нь хөвгүүд эмэгтэй хүн ариун байх ёстой гэх шашны ёсноос болж эмэгтэйчүүдийг хөвгүүд оролдог болсноор олон арван жил өнгөрсөн гэнэ.

Бача Бази буюу “Бүжиглэгч хөвгүүд” гэх энэ нэршил нь өсвөр насны хөвгүүдийн нүүрийг будаж, охид шиг хувцаслаж, эрчүүд цугласан нууц уулзалтан дээр бүжиглүүлж, эмэгтэйчүүд ил гарч болдоггүй нийгэмд бэлгийн дур хүслээ хангаж байгаа бусармаг бүр дэндүү ичгүүрт уламжлал юм.

Харамсалтай нь энэ бусармаг уламжлалын хохирогч болж байгаа хөвгүүд нь ихэвчлэн 9-10 насандаа ядуу гэр бүлээсээ зарагдсан эсвэл хулгайлагдсан хөвгүүд байх бөгөөд аль багаасаа эмэгтэй хүн шиг уян налархай бүжиглэх, аяглах, хувцаслах, нүүр будах гэх мэт үйлдлийг хүчээр сурч, бусдын зугааг хангахын тулд хүчээр хүйснээсээ татгалзаж өсдөг аж. Тэгээд ч зогсохгүй хөвгүүдийг нууц үдэшлэгээс үдэшлэг дамжуулан, бусдын зугаа цэнгээг гаргаад зогсохгүй хөгшин, залуу гэхгүй эрчүүд хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангадаг байна. Бача Бази байсан хөвгүүд эр өсөж, эсгий сунахын цагтаа нийгэм байтугай гэр бүлдээ ч тоогдохгүй болохоос гадна дахин эрчүүдийн өмнө бүжиглэхэд нас нь хөгшдөж, нэгэнт эмэгтэйлэг өссөн учраас нийгэмд гарахад ч хүндрэл учирч нэг ёсондоо нийгмээс бүр мөсөн шахагдан гарч, амьдралын ямар ч баталгаагүй болдог байна.

  Афган эрчүүд нэгээс олон бача бази буюу бүжиглэгч хөвгүүд эзэмших нь нэг ёсондоо эрх мэдэл, эд хөрөнгийн илэрхийлэл гэж үздэг байна. Исламын шашны дэг ёсыг хатуу сахидаг энэ улсад эмэгтэйчүүд бүжиглэх байтугай гарын бугуйгаа ил гаргах цаашлаад гэр бүлийн эрэгтэй хүнгүйгээр олон нийтийн газар явах хориотой. Тиймдээ ч эмэгтэйчүүд ариун байх ёстой нийгэмдээ бага насны хөвгүүдийг хөнгөн нимгэн хувцаслаж, дунд эргэм насны эрчүүд ээлжлэн хүчирхийлдэг бэлгийн боолчлол байх л ёстой ёс мэт тогтжээ. Энэ уламжлалын талаар 2009 онд Афганистаны бүжигчин хөвгүүд (The dancing boys of Afghanistan) гэх баримтат бүтээл гарч дэлхий дахиныг цочирдуулж байв.

Афганистанаас бусад оронд насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр эрүүгийн хариуцлагад татагдах ноцтой гэмт хэрэгт тооцогдох энэ явдлаас болж хохирсон хөвгүүд архинд орох, амиа егүүтгэх наад захын асуудал гэдгийг Афганистаны хүний эрхийн байгууллагууд мэдэгддэг. Харин зарим нь өөрсдөө хөдөө орон нутгаас бага насны хөвгүүдийг худалдан авах, хулгайлах зэрэг ажлыг хийдэг зуучлагч болж хувирдаг байна. Нууц байрлалд бүрэнхий гэрэлд шүлсээ савируулан, хуял тачаалтай харцаар ширтэх хөгшин эрчүүдийн өмнө 2, 3 цаг эцэстлээ бүжиглэснийхээ дараа тусгайлан зассан өрөөнд хүчиндүүлдэг тухайгаа бачи базигийн хохирогчид ярьдаг байна.

Энэ уламжлалын талаар Монголд орчуулагдан гарсан зохиолч Халед Хоссейнигийн “Цаасан шувуу наадуулагч” номон дээр ч дурдагдаж байдаг. Эмэгтэйчүүд гэртээ сууж, ахуйн ажлаа хийж, хүүхэд төрүүлж өсгөх, эр нөхөртөө үйлчлэх үүрэгтэй улсад нас залуу хөвгүүдийг хүүхэн шиг хувцаслаж бүжиглүүлэн, хүчирхийлж, хэрэгцээ шаардлагаа хангаж дуусаад хөсөр хаях нь дэндүү харамсалтай, шударга бус гэлтэй.

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү