Улаанбаатар-Красноярск хотын бизнес уулзалт-2022 боллоо


10 сар

Улаанбаатар-Красноярск хотын бизнес уулзалт-2022  өнөөдөр боллоо. 

ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагч Александр Викторович Усс тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд болсон уг арга хэмжээнд хоёр орны төр засгийн болон бизнесийн салбарын холбогдох албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид оролцсон юм. 

Бизнес уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизов мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Красноярск мужийн амбан захирагч А.В.Усс нар нээж үг хэллээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “...Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн оны долдугаар сард Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийн шинэчлэлээр хот цаашдаа эдийн засаг, төсөв, газрын харилцаа, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хувьд бие даан бэхжих шинэ зам, шинэ үүд хаалгыг нээсэн онцгой чухал шийдвэр болсон. Эрх зүйн энэ шинэчлэлийг бид эдийн засгийн өсөлт болгохыг эрмэлзэж байгаа. Хуулиар хотод олгогдсон энэхүү санхүүгийн эрх мэдэл, хөрөнгийн эх үүсвэрийг хүчтэй эдийн засаг болгон ашиглахын тулд бид бусад хотуудтай хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулах замаар харилцан ашигтай хамтран ажиллах нь бүрэн нээлттэй юм…” гэдгийг онцлов. 

Форумаар ОХУ-ын талаас “Красноярск мужийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын боломж”, "Енисейн Сибирь" хөрөнгө оруулалтын цогц төсөл”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Харин Монголын талаас Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр-хувийн хэвшлийн түншлэл хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Улаанбаатар хотын эдийн засаг, нийгэм, бизнесийн орчин, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийслэл хотын хувьд орон сууцны дахин төлөвлөлт, нийтийн тээвэр, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжтойг онцолсон юм.