Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үргэлжиллээ.
Парламент болон Засгийн газрын төлөөлөл орон нутагт ажиллаж хөдөөгийн хөгжлийг хурдасгах зорилтот санаачилга, хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал, бодлыг сонсохоос гадна УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг танилцуулсан юм. Эрх чөлөөний дөрвөн замын эхнийх нь эдийн засгийн чөлөөлөлт гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Энэ чөлөөлөлтийг эхлүүлэх болсон үндэслэл нь бүх шатанд хариуцлага, ил тод байдал нэхсэн олон нийтийн бодит шаардлага болон улсын төсвийн хэт тэлэлт, урсгал зардлын өсөлтөөс улбаатай аж. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдсэн талаар макро эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцуулахдаа тэрбээр дурдлаа.
Харин нэгдсэн төсвийн нийт зарлага 2022 онд 16 хувиар, 2023 онд 24 хувиар, 2024 онд 36 хувиар нэмэгджээ. Иймд төсвийн урсгал зардлын хэт тэлэлтээс үүдэн төсвийн бодлогын орон зай хумигдаж байгааг онцлоод, сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар урсгал зардлыг бууруулахаар төлөвлөж байгаагаа дурдлаа. Тухайлбал, энэ оны улсын төсвийн батлахдаа хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж,татвар төлөгчдийн ачаа, дарамтыг бууруулж төрийн хэт оролцоог хумисан гэдгийг тодотгов. Улмаар улсын төсвийн орлого, зарлагын ДНБ-д эзлэх хувь, хэмжээг бууруулж, хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэл хийхээр зорьж байгаа гэлээ. Цаашид төрөөс татаас олгодог салбаруудыг чөлөөлж, зах зээлийн зарчим шилжүүлэх, нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зорилтот бүлэгт нь чиглүүлэх талаар тодотгож байв.
УИХ-ын дарга хэлэхдээ, орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд эрх мэдэл болон хөрөнгө оруулалтын төвлөрлийг сааруулж, аймаг, сумдад шилжүүлэх ёстойг онцлов. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төсөл, хөтөлбөрүүдийг орон нутаг бие даан хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэдгийг дурдлаа. Бизнесийн орчныг бодитоор тэлэхийн тулд хэт төвлөрсөн, олон шатлалт зөвшөөрлийн тогтолцоог халж, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлийн өрсөлдөөнд саад болж буй төрийн хэт оролцоог багасгах хуулийн шинэчлэлийг эхлүүлсэн талаар жишээ татаж тайлбарлав.
0
0
0
0
0
0