Авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг яаралтай дуусгах үүрэг өглөө


1 долоо хоног

ийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар найман чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 89.8 хувьтай байна. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд хяналт тавих, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр нийт 1749 байгууллагатай “Хариуцлагын гэрээ” байгуулсан. Түүнчлэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар есөн дүүргийн 171 хорооны 2943 аж ахуй нэгж, байгууллагад 776 албан хаагч ажиллан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Мөн Хотын дарга үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийт 229 удаагийн зөөлтөөр 3430 шоо метр лаг хагшаасыг зөөж тээвэрлэсэн бол Баянгол, Хан-Уул дүүргийн хоёр байршилд үерийн далан дагуу хашаа барьж, шороо асгасан зөрчлийг арилгажээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэхийг  дүүргүүдийн удирдлага болон хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн. Тэгвэл өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойш 22.558 тонн хог хаягдлыг тээвэрлэн, цэвэрлэжээ. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн их ба урсгал засварын ажлын хүрээнд нийт 1047 метр кабель утсыг цэгцэлж, 586 толгой засварын ажил хийснээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг 99.04 хувийн асалттай байна.

12-15 насныхан дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна

“Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Энэ үеэр долдугаар сард бүртгэгдсэн коронавирусийн халдварын тархалтын дэлгэрэнгүй судалгааг мэдээлж, дархлаажуулалтын явцыг тайлагнав. Тодруулбал, өнгөрсөн сард коронавируст халдварын 23.174 тохиолдол бүртгэгдсэн нь зургадугаар сараас 7.7 хувиар буурсан байна. Халдварын тохиолдол ийнхүү буурч байгаа нь нийслэлийн иргэдийн амралт, хөл хөдөлгөөний сийрэгжилттэй холбоотой гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ. Түүнчлэн халдварын улмаас бүртгэгдсэн нас баралтын тоо өмнөх сарын мөн үеэс 14 хувиар буурчээ. Долдугаар сард коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын I тунд нийт 67.544 иргэн хамрагдсанаас 65 хувь нь 12-15 насныхан байсан бол II тунд 98.977 иргэн хамрагдлаа.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн, газар шорооны ажил дутуу хийгдэж удаан хугацаанд ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаатай байршлуудад газрын зөрчил арилгуулах талаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Наймдугаар сарын 20-ноос эхлэн энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн гарна гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Харин Хотын дарга тус хугацааг наашлуулах, хурдан хугацаанд чанартай ажиллах шаардлагатай байгааг сануулав.

Сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн засварлахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар таван чиглэлд 20 төрлийн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.  Тухайлбал, хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг сайжруулж,  барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг талбайд тогтмол ажиллуулахыг үүрэг болгов. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-ны дотор дуусгаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг жигдрүүлж ажиллах, нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давс нөөцлөхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газарт даалгалаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар, стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Түүнчлэн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэд хэдэн чиглэл өглөө.  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг наймдугаар сарын 20-ны дотор дуусгахаас гадна хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, “School police” ажиллуулах бэлтгэл хангахыг холбогдох албаныханд даалгав. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах, шинэчлэх, хурд сааруулагчийг стандартын дагуу байршуулахыг үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү