Т.Төмөрбаатар: Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог И баримт аппликейшн ашиглан төлөх боломжтой


4 жил

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Т.Төмөрбаатараас И баримт аппликейшны талаар тодрууллаа.

-И баримт аппликейшнээр дамжуулан төрийн ямар үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой вэ. Зарим үйлчилгээнд НӨАТ-ын буцаан олголт олгогдохгүй байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-2016 оноос и баримт  аппликейшн гарсан цагаасаа хойш саяхныг хүртэл ямар нэгэн шинэчлэлт хийгээгүй байсан. Тэгвэл энэ жил гурван  шинэчлэлийг хийлээ.

 Нэгдүгээрт, иргэдийн гомдлыг аппликейшнээрээ дамжуулан гаргах боломжтой болсон. Ингэснээр иргэд ААН илгээгээгүй, НӨАТ-ын баримт олгохгүй байгаа асуудалд татварын алба руу заавал залгахгүй, цахимаар гомдлоо илгээх боломжтой болсон.  Гомдлын дагуу харьяа татварын албанаас холбогдож аж ахуйн нэгжийг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг.

 Хоёрдугаарт, өнгөрсөн долдугаар сард үүрэн холбооны операторуудтай хамтран и баримт  аппликейшн ашиглах дата төлбөрийг үнэгүй болголоо.

Гуравдугаарт, өнгөрсөн сараас төрийн үйлчилгээний төлбөр тооцоог аппликейшн ашиглан төлж НӨАТ-ын баримт авах боломж бүрдсэн юм. Үүгээр дамжуулан Улсын бүртгэлийн 38 үйлчилгээ  болон авто тээврийн татвар төлөлтийн үйлчилгээг авч болно.  Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд банкинд дугаарлаж мөнгөө төлдөг байсан бол одоо ebarimt аппликейшн ашиглан төрийн сангийн дансанд мөнгөө тушаах боломжтой болсон. Харин татваргүй төрийн үйлчилгээнүүд буюу иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн лавлагаанд НӨАТ-ын буцаан олголтын 20 хувь хүртэлх урамшуулал тооцогдохгүй.  Харин төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ зөвхөн НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой .

 -И баримтыг аппликейшнд төрийн үйлчилгээг оруулсан тухай иргэд төдийлөн мэдээлэлгүй байна?

-Сүүлийн үед цахим шилжилт болон  дижитал шилжилт гэж ярих болсон. Үүнийг хийхийн тулд иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахад чиглэсэн цахим системүүдийг хөгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. И баримтын систем нь үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байна. Иймээс одоогийн нөхцөл байдалд дижитал технологийн шилжилт рүү шилжихэд И баримтын төхөөрөмж  хамгийн зөв гэж үзэж байгаа.

-Сүүлийн үед цахим гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.  Тэгвэл мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд 1.9 сая иргэнд И-баримтын буцаан олголт олгосон. Ингэхдээ иргэдийг банкинд дугаарлуулалгүй өөрийнх нь хэрэглэдэг арилжааны банкны дансанд шилжүүлсэн. Манайх Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв гээд төрийн өмчит байгууллага.  Монголбанк, Кибер аюулгүй байдлын шугам, сүлжээ, Үндэсний дата төв гэсэн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр аюулгүй байдал тал дээр төрийн хууль журмын дагуу, хяналтанд  үйл ажиллагаа явуулж байгаа учир мэдээллийн аюулгүй байдалд эргэлзэхгүй байж болно.

-Ер нь нэлээд үр дүнтэй шинэчлэл болж байгаа юм байна?

-Тийм ээ. Апликейшн  зах зээлд гарахад нэг өдөрт шинэчлэгдэнэ гэж байхгүй. Үлдсэн иргэд он гарахаас өмнө И баримтынхаа  аппликейшнд шинэчлэлт хийнэ.  Мөн ирэх оноос Засгийн газрын 25 байгууллагыг үйл ажиллагааны төлбөр тооцоог төлөх боломжийг бий болгоно. Тухайлбал, НМХГ-ын төлбөр, авто тээврийн төлбөр тооцоог төлөх боломж бүрдэнэ гэсэн үг.  Мөн  ирэх оноос НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог байхаар хуульд тусгаж байгаа.

-Зарим зах, худалдааны төв И-баримт олгодоггүй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Татварын багц хуулиар татвар төлөгчийг дөрвөн хэсэгт хуваадаг. Бага буюу 50 саяас доош орлоготой. Дунд буюу 50 саяас дээш орлоготой иргэд гэх мэтчилэн. Тэгвэл татвар төлөхгүй байгаа иргэд нь бага буюу 50 саяас доош орлоготой иргэд байгаа. Иймээс бид энэ хүмүүст зориулсан гар утасны төхөөрөмжийг бий болгох гэж байна.  Мөн ирэх оноос татварын хуулиар бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно.

Ярилцсанд баярлалаа.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү