Дуучин Т.Ариунаа "Тэнгэр шиг бай", "Тусгаар тогтнол" дуугаа анх удаа толилуулна


4 жил

Дуу болгон нь хит болж, тоглолт бүрээрээ Монголын хөгжмийн ертөнцөд шинэ эргэлт хийдэг ховорхон уран бүтээлчдийн нэг бол Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа юм. Түүний хувьд 10 жилийн дараах тоглолтоо өнөө орой "Буянт-Ухаа" спортын ордонд хийх гэж байна. "Эрос номер 1" хэмээх анхны тоглолтоос эхлээд тоглолт бүр нь дуулиан шуугиан дагуулдаг тэрбээр энэ үдэш үзэгчдэд бөөн бөөн сюрприз барих нь тодорхой. "Тэнгэр шиг бай" тоглолтын зарим нууцаас задлахад, дуучин Т.Ариунаа яруу найрагч О.Дашбалбарын "Тэнгэр шиг бай" хэмээн хүүдээ зориулж бичсэн алдарт бүтээлээр дуу хийх гэж 6-7 жил дуншсан гэдэг. Тэгвэл энэхүү шүлэгт хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр ая хийж, дуучин бүсгүй маань өнөөдөр анх удаа тайзан дээр дуулж үзэгчдийн сонорыг мялаах нь ээ. Харин Төрийн соёрхолт яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ая "Тусгаар тогтнол" дууг тэрбээр хэн гэдэг дуучинтай хамтарч дуулах нь нууц хэвээр байна. Дуучин Т.Ариунаа энэ талаар "Хөгжмийн зохиолч Б.Шарав гуайд "Энэ шүлгэнд ая хийж дуу болговол ямар вэ" гэдэг хүсэлт тавьсан.

Харин хэсэг хугацааны дараа агуу хөгжмийн зохиолч маань "За, Ариунаа ая бэлэн боллоо. Энэ дууг эрэгтэй дуучинтай хамтарч дуулбал зүгээр шүү" гэж захисан юм. Монголын хөгжмийн ертөнцийн ноён оргилуудын нэг болон мөнхөрсөн Б.Шарав гуайнхаа захиасыг заавал биелүүлнэ ээ" хэмээн дурссан удаатай. Дуучин Т.Ариунаа "Тэнгэр шиг бай" тоглолтынхоо үеэр ийм хоёр том бүтээлээр сюрприз барихаас гадна Монгол түмний сэтгэлд хоногшсон хит дуунуудаа хөгжмийн ямар шинэ найруулгаар дуулах нь олны сонирхлыг татаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү