Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын төрийн ёслолд гэргийтэйгээ оролцов


4 жил

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо. Гүйцэтгэх засаглалын тэргүүн гадаад дахь албан ёсны арга хэмжээнд анх удаа гэргийгээ дагуулан явсан нь энэ юм. Ерөнхий сайдын гэргий Л.Болорцэцэг цэцэрлэгийн багш мэргэжилтэй юм байна.




Тус төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 180 орчим орны өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцлоо хэмээн NHK мэдээлсэн. Ерөнхий сайд энэ төрийн ёслолд монгол үндэсний дээл гутлаараа гоён оролцжээ. 

Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Эзэн хаан Нарухито ёслолын эхэнд Касикодокоро сүмд морилж Нарны бурханд мөргөсөн байна.

Төрийн ёслол хааны ордонд үргэлжилж Ерөнхий сайд Абэ Шинзо эзэн хаанд урт наслахыг ерөөсөн уламжлалт мэндчилгээ дэвшүүллээ. Нарухито Үндсэн хууль, эзэн хааны гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хаан ширээнд сууж Япон Улсад шинэ үе ирснийг зарлалаа. Тэрээр ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болох үүргээ нэр төртэй биелүүлэхээ тангараглав. Эзэн хааны эцэг Акихито 30 гаруй жил хаан ширээнд суухдаа ард иргэдтэйгээ хамт баяр баясгалан, уй гашууг хуваалцаж байсныг тэрээр онцоллоо.


"Японы ард түмэн мэргэн ухаан, тасралтгүй зүтгэлийн ачаар хөгжил дэвшилд хүрч, олон улсын хамтын нийгэмлэгт найрамдалт, энх тайван тогтнолыг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна" гэж хэлэв. Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд 174 улс, түүний дотор 70 гаруй хаан, төрийн тэргүүн Японд хүрэлцэн иржээ. Мөн тус улсын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, сайд нар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мужуудын захирагч, эрдэмтэн, зохиолч, тамирчин, бизнес эрхлэгч гээд 2000 орчим хүн оролцсон байна.

 Япон Улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Түүхэн өдөрт зориулан баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хагибис далайн шуурганы улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 11 дүгээр сарын 10-ны өдөр болгон хойшлуулсан юм. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамтаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито-гийн барьсан хүндэтгэлийн дайллагад оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү