"Болор цом-36" наадмын тэргүүн байрын шүлэг "Гүн ухааны сүлжээ бодролууд"


11 сар

Энэ жилийн "Болор цом-36" наадам Говьсүмбэр аймгийн Чойр хотын "Боржигон" чуулгад  боллоо.

“Болор цом-36”-д нийт 140 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 27 найрагчийн нэрс тодорсны 17 нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан байв. Үүн дээр нэмэгдэн Монгол туургатны зочин зохиолчид, “Болор цом”-ын эзэд, Говьсүмбэр аймаг дахь МЗЭ-ийн салбар зөвлөлийн төлөөлөл урилгаар оролцсон бөгөөд энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид мөн хүрэлцэн ирснээр нийт 36 яруу найрагч шүлгээ тэрлэлээ.

Наадмын дөрөвдүгээр шатанд есөн яруу найрагч тунаж үлдэн шүлгээ уншсан бөгөөд тэднээс айргийн таван яруу найрагчийг шууд тодруулан, зарлалаа. 

"Болор цом-36" наадмын шилдэг тавд шалгарсан яруу найрагчид:  

  • Тэргүүн байр: "Болор цом"-ын эзнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга
  • Дэд байр: Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Би.Баярсайхан
  • Гуравдугаар байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш
  • Дөрөвдүгээр байр: "Алтан өд" шагналт яруу найрагч Д.Одгэрэл 
  • Тавдугаар байр: Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Жамбалдорж

"Болор цом-36" наадмын тэргүүн байр эзэлсэн шүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Гүн ухааны сүлжээ бодролууд
(Яруу найрагч Б.Баттулга)

ОРШИЛ

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансарын тоолол юм
Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ
Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна
Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх
Нандин тийм цэцэрлэгээс бурханы амьсгал эгшиглэнэ
Хувь заяаг минь зурсан бийрч бурхан талархъя
Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя
Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя
Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм

I
Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Будрах цасны ширхэг энэ л шувуудын гунигтай
Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх
Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай
Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв
Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу
Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь
Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэхсэн
Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ
Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг хэлдэг юм
Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос
Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа
Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

II
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм
Бугуйн цаг минь урсаад мөнгөн горхийг дүрлэх юм
Цас будрахыг харах нас урсахыг мэдрэхтэй адил
Чиний ирэхийг анирдах ингэ ботголохыг хүлээхтэй адил
Мөнгөн амтай хээр нь мөндөр шилгээн товолзоно
Мөнх бусын орчлонг эрвэлзэсхийгээд туулна
Ганган хатиртай хээр нь газар товчлон дөмөлзөнө
Ганц олдохгүй замбууг гайхуулсхийгээд туулна
Намар болоод өвлийн заагийг товлоод хэрэггүй еэ
Цагаан өнгөнөөс би бүх өнгийг олоод
Цас үнэрлээд би орчлонг хураангуйлж чадна
Модны чөлөөт үндэс хэвлий дотроо сунайтал
Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь

III
Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм
Монголын талд гөрөөс янзгалах нь шүлэг шиг совин юм
Ихээ дээр эргэлдэх бүргэд өөр ертөнцийн элч юм
Ийм тансаг орчлонд амьдрах минь алтанхан тавилан юм
Могой зүүдлэхэд хүүтэй болохоо яаж мэдээд
Моносны цэцэг дэлгэртэл бүсгүй хүн баярлана вэ?
Адуу эвшээхэд аз тохиохоо яаж мэдээд
Алтан ятга уянгалтал эр хүн баярлана вэ?
Унага тамгалсан найран дээр чинь гэрэлтэнхэн суумаар аа
Уянга тамгалсан хайраар чинь гийнхэн дэлгэрмээр ээ
Совинт буурал хорвоод зоргоор зөнгөөр урсаад
Соёмбоны гал шиг дүрэлзсэн яруу найрагч билээ, би
Молзог зүрхэнд тэнгэрийн шэрэл зааж мишээх
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

IV
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
Нууц тарнийн хураангуй нууц байхдаа л сайхан юм
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
Нарны шулга хонх шулганаж байхдаа л сайхан юм
Усны цэврүү хагарангуут л доторхоос нь туулай дэгдэж
Уран торгон цэцэгсийн мандал дотор бүрэлзэнэ
Салхины дотор талаас хэнз унага гүйж
Сарны зүүдийг сарнитал дотно халуунаар үүрсэнэ
Ийм тунгалаг орчлонд амьдарч явах сайхан юм
Ихээ сайтар тунгаавал амьдраагүй байсан ч сайхан м
Морь буусан шагай шиг босоо хийморьтой эр хүн
Монголынхоо буян заяаг дааж явах учиртай юм
Мөрөөдөн мөрөөдөн дууллаа чиг мөр нь үлдэх хорвоогийн
Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

V
Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ
Мөөмөө санасан хүүгийн зүүд шиг орчлон доо
Үүрд бусын ховст хүрээлэн сэтгэлд дэлгэрнэ
Үрээ хүлээсэн ээжийн гэрэлт зөн шиг хорвоо доо
Магнайд чинь тодрох мэлмийнээс маанийн үсэг тодоръюу
Мянган бурхан залрах сайн цагийн дэлхий дээ
Зүрхнээс чинь дэлгэрэх хайраас тарнийн үсэг нисэлдюү
Зүйлийн бурхад морилох зүмбэр сүмбэр хорвоо доо
Гангарч хатирах хээр минь нэгэн цагт тэнгэрт нэгдьюү
Галын заль шиг хийморийг ямагт дэгдээж амьдаръюу
Мөн ч дотно халуунаар залбиран хүлээсэн юмсан
Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

VI
Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна
Мөргөлийн жимээр шувууд ирэх нь хайрын дохио ёо
Үргэлж чамайг бодох хайрын шидэт дохиурыг
Өргөж зогсоо сахиусан тэнгэрийг үзэсгэлэнт Венера л гэдэг дээ
Нүдэн нуур долгилоход дагаж долгилох сэтгэл минь
Нөмгөн мананд жингэнэх тарнийн цэцэг мэт ээ
Гангар гунгар дуунд нь тэнгэрийн шилтгээн үзэгдэх
Галуу болоод ангир жигүүртэй хөгжим мэт ээ
Гэрэл сүүдэр урссан торгон огтлолцолт хорвоо дээр
Гэнэт шийдээд хүн болж төрсөндөө баярлавч баршгүй
Тиймийн учир би бурхны зүүдэнд амьдарч
Тэлмэн хонгор аялгуу болсондоо догдловч баршгүй
Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан
Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх сэн

VII
Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх
Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан
Түг түмэн жил хязгааргүйд гэрлээ түгээж
Төгөлдөх орчлонг гийгүүлэх монгол аялгуутай од байхсан
Уулсын царамд цэцгийн үр тэтгэдэг
Усны гүнд чулууны судал өнгөлдөг
Голын аминд хөх заль бадраадаг
Намирч асгарсан зөнтэй морин шарга од байхсан
Наашаа цаашаа л урсаж байх сан
Бодолд чинь гэрэлтэхдээ тэнгэрийг шивнэж
Болор хундагатай дарсанд чинь жингэнэж байх сан
Нархажид, Үржинхандын заллагатай
Нандин тийм цэцэрлэгээс бурхны амьсгал эгшиглэнэ

VIII
Нандин тийм цэцэрлэгээс бурхны амьсгал эгшиглэнэ
Намраас хаврын симфони сонсох уу, хоёулаа
Навчис бясалгаж дүүрээд шаргалтсаныг тэндээс ойлгож
Нарны гэрэл гэгээрэлд хөтөлдгийг нотлох уу, хоёулаа
Хагдарч хийсэх нь урган төлжихийг зөгнөөд
Хачин тунгалаг борооноор урсгал нийлэх үү, хоёулаа
Харанхуйн хэвлийд гэрлийн хөврөл үргэлжлэхэд
Хайртай бүхнийхээ төлөө амиа золих уу, хоёулаа
Сарны зөнч үлгэрийг туулайн чуулганаар хэлэлцэхэд
Самрын үр дотор амьдарч үзэх үү, хоёулаа
Хулсны исгэрэх аялгууг лимбэдэж дуулаад
Хувь заяаг минь зурсан бийрч бурханд талархъя

IX
Хувь заяаг минь зурсан бийрч бурханд талархъя
Хундага дарсанд болор од жингэнэхэд талархъя
Хул шаргал аялгуунаас буга урамдахад талархъя
Хурын мянган дуслаас тэнгэр гэрэлтэхэд талархъя
Намайг хүн болгосон дорнын эгшиглэнд талархъя
Чамайг надтай учруулсан долоон бурханд талархъя
Хязгааргүйгээс онгод хөлөглөсөн сахиус тэнгэрт талархъя
Харанхуйгаас гэрэлт тэмүүлсэн сарнай цэцгэнд талархъя
Сөхөрч гуниглавч тэжээн тэтгэх далдын хүчинд талархъя
Цөхөрч гомдовч инээж угтах холын зөнд талархъя
Ятга хөглөх бүсгүйн дүрэлзэх үзэсгэлэнд талархъя
Хутга барих дээрэмчний хувирах санаанд талархъя
Хуучир лимбэ болох хулс зэгсэнд талархъя
Хумхын тоос болох орчлон дэлхийд талархъя

X
Хумхын тоос болох орчлон дэлхийд талархъя
Хуур хөглөх агшнаа гүү унагалахад талархъя
Хурд хувааж төрсөн босоо унаганд талархъя
Хувьтай Монголын цэлгэр тал нутагт талархъя
Талархаад байгаа сэтгэлийг хүлээж авсанд талархъя
Тавилан заяаг минь хөглөсөн тэнгэрийн хөгжимд талархъя
Манан дунд дохих намуу цэцгэнд талархъя
Маргааш болох лусын амьтдын чуулганд талархъя
Мөлхдөг хөлхдөг, нисдэг сэлдэг бүхэнд талархъя
Мөөмний сүүн дуслаас орчлон бүрдэхэд талархъя
Мөндөрлөг шүүдэрлэдэг ургадаг хагдардаг бүхэнд талархъя
Мөнхийн ганц үнэнд цөмөөрөө цугларахад талархъя
Галт бөмбөрцөг, мөсөн уул, сансар мандалд талархъя
Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя

XI
Гарыг минь ганзганд хүргэсэн ижий аавдаа талархъя
Гал уурагнаа бүрэлдэх ертөнцийн эхлэлд талархъя
Ганган хул эгшиглэх эртний ерөөлд талархъя
Галавт олохуяа бэрх хүмүүн заяанд талархъя
Галуун цуваа ганганан зэллэх тэнгэрт талархъя
Халуун хайр ундран оргилох та бүхэнд талархъя
Газрын мянган судас төрсөн нутагтаа талархъя
Ганц дотор мянгыг багтаах нууцад талархъя
Гансрал зовлонг ч гоо үзэсгэлэнд хувиргахад талархъя
Гай түйтгэрийг ч холдуулж чадах сүр хүчинд талархъя
Галбарваас модноо галбингаа донгодоход талархъя
Ганлингийн эгшгээр ч хорвоог уярахад талархъя
Гавал аяганаас дарс хүртэх учир тохиолд талархъя
Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү