А.Баасандорж зодог тайлна


1 долоо хоног

Монгол Улсын дахин нэг бөх сүмо бөхийн ертөнцийг орхихоор боллоо. Өнгөрсөн жил их аварга асан Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэг сүмо бөхийн ертөнцөд шуугиан тарьж, Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн буруугаа хүлээн зодог тайлсан билээ.

Өнгөрсөн жилийн дуулианы хохирогч А.Баасандорж Фүкүокад болж буй өвлийн тойргийн барилдааны үеэр өөрийн дэвжээний залуу бөхийг хэлсэн зүйлийг нь мартсан хэмээн нүүрэн тус газарт нь цохисон хэрэг гарч, тэрбээр сүмо бөхийн холбооны ёс зүйн хороонд дуудагдан буруугаа хүлээж хүлцэл өчөөд байсан юм. Тэрбээр өнөөдөр /2018.12.07/ өглөө зодог тайлах шийдвэр гаргасан тухай түүний ойрын эх сурвалж мэдээлжээ.

Болсон хэргийг тодруулбал, арванхоёрдугаар сарын 4-ний орой Чиганоура дэвжээний бөхчүүдийн байрлаж буй зочид буудлын гадна тус хэрэг болжээ. А.Баасандорж өөрийн дэвжээний 23 настай бөхийг хэлсэн зүйлийг нь мартсан хэмээн нүүр лүү нь дөрвөөс таван удаа цохисон байна. Түүнд цохиулсан гэх залуу бөх барилдааны бэлтгэлдээ хоцорч ирэхэд дэвжээний багш нар учрыг нь асууснаар энэ хэрэг илэрчээ. Хохирогч хүнд гэмтэл аваагүй ч нүүр нь хавдсан байсан гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Сүмо бөхийн холбооноос Таканоива А.Баасандоржид эхний ээлжинд тойргийн барилдаанд барилдах эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авсан бөгөөд хохирогчоос дахин мэдүүлэг авч байж дараа дараагийн арга хэмжээг авна хэмээн мэдэгдээд байв.

А.Баасандоржийн хувьд өнгөрөгч аравдугаар сарын эхээр Харүмафүжигээс сэтгэл санааны хохирол, олон барилдаан өнжсөн хэмээн 30 сая иен шаардаж байсан юм.

Эх сурвалж: Kyodo news 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү