Victoria’s Secret хувцас загварын шоуг энэ жил хамгийн цөөхөн хүн үзжээ


2 долоо хоног

 

Жил бүр зохион байгуулагддаг Victoria’s Secret дотуур хувцасны загварын шоу өнгөрсөн Ням гарагт ABC сувгаар цацагдсан юм.

 

Олон жилийн турш CBS сувгаар цацагдаж байсан шоу энэ жил сувгаа сольсон нь үзэгдчийн тоогоо өсгөх зорилготой байв. Гэвч энэ оролдлого амжилтад хүрсэнгүй.

1995 оноос эхэлсэн алдартай загварын шоу энэ жил түүхэндээ хамгийн цөөн үзэгчтэй байж, өнгөрсөн оны муу үзүүлэлтээ улам ахиулжээ.

Nielsen судалгааны байгууллагын гаргасан тоо баримтаас харвал уг шоуг 3.3 сая хүн үзсэн байна. Ердөө таван жилийн өмнө Victoria’s Secret нь 10 сая орчим үзэгчтэй байжээ. Тэр цагаас хойш энэ тоо тасралтгүй уруудаж байна.

 

“Victoria’s Secret” брэндийн үнэ цэнэ унахтай зэрэгцэн уг шоуг эзэмшигч L Brands компанийн хувьцааны үнэ мөн унаж байгаа юм.

 

Бүтээгдэхүүнийх нь борлуулалт муу байгаагаас L Brands энэ онд 20 дэлгүүрээ хаасан. 2019 онд тэд Henri Bendel брэндийн дор ажиллуулдаг бүх 23 дэлгүүрээ хаахаар болжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Жан Сингер хоёр жил ажилласны дараа өнгөрсөн сард албан тушаалаа орхисон. Дотуур хувцасны бизнес нь уналтад орсон тул L Brands усны хувцасны бизнест шилжих талаар төлөвлөж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Харин Victoria’s Secret шоу ирэх жил зохион байгуулагдах уу гэдэг асуултын хариу бүрхэг байна. Уг шоу байхгүй болсон ч үгүйлэх хүн цөөхөн үлдсэн гэхэд болохоор байгаа юм.

Эх сурвалж: Quartz

 

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү