Давс яс сийрэгжилтийг эрчимжүүлдгийг эмнэлзүйн судалгаагаар нотолжээ


3 долоо хоног

Монгол улс тархинд цус харвах эмгэгийн нас баралтаар дэлхийд 1-3 байранд ордог. Артерийн даралт ихсэх өвчний гол хүндрэл нь тархинд цус харвах эмгэг юм. Артерийн даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн нэгт давс ихээр хэрэглэх дадал ордог.

Монгол хүн дунджаар өдөрт 9-11г давс хэрэглэж байна. Энэ нь ДЭМБ-ийн зөвлөмж хэмжээнээс гурав дахин их юм.

Бид яагаад давс их хэрэглэх болов?

Энэ нь маш олон хүчин зүйлээс хамаардаг байж болох юм. Тухайлбал, Монголд хоолны нэр төрөл цөөн болохоор амтлах, хүнсний зүйлийн хадгалах хугацааг уртасгах, махтай хамт хэрэглэх зэргээр давсыг ихээр хэрэглэдэг байж болох юм.

Бидний амьдарч буй орчин давсыг ихээр хэрэглэхэд хүргэдэг байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, Монгол орон эрс тэс уур амьсгалтай, газарзүйн байрлал нь далайн түвшнээс дунджаар 1500м өндөрт өргөгдсөн, агаарын чийгшил бага зэрэг онцлогтой. Энэ өвөрмөц онцлогт амьд бие дасан зохицох явцад шингэнээ гадагш алдах магадлал их. Иймд, бие организм шингэнээ нөхөхийн тулд ам цангах, давсыг их хэрэглэхэд хүргэдэг байж болох юм. Давс өөртөө усыг ихээр татах шинж чанартай учраас ихээр хэрэглэхэд биед шингэн хуримтлагдах хандлагатай. Энэ шинж чанараас гадна мэдрэлийн импульс дамжуулах, булчин агших сулрах, ус ба эрдэс бодисын тэнцвэрийг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй оролцдог.

Давсыг их хэрэглэхэд эргэлдэх цусны хэмжээ нэмэгдсэнээр артерийн даралт ихэсч, улмаар зүрх судасны өвчин ба тархинд цус харвах эмгэгт хүргэнэ. Олон улсын удирдамжид давсыг 2.3г-аас (нэг цайны халбага) илүүгүй хэрэглэхийг зөвлөдөг. Хүн ийм хэмжээгээр давс хэрэглэхэд артерийн даралт ихсэх, зүрхэнд ачаалал өгөх сөрөг нөлөө үзүүлдэггүй юм. Гэхдээ дараах эмгэгтэй хүмүүст давсыг 1.5г-аас илүүгүй хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Үүнд:

  • 50-иас дээш настай
  • Артерийн даралт ихсэх өвчинтэй
  • Чихрийн шижин өвчинтэй
  • Зүрхний дутагдалтай зэрэг өвчинтэй хүмүүс ордог.

Харин Харвардын их сургуулийн эрдэмтэд өдөрт 1.5-2.3г давс хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Давс ихтэй хоол идэхэд хүний биед юу болох вэ?

Давс натри, хлор хэмээх элементээс тогтдог. Давс их хэрэглэхэд цусанд илүүдэл натри бий болно. Ихэнх хүмүүс илүүдэл натри цусны судсанд ороод бөөрөөр ялгардаг хэмээн үздэг. Үнэндээ биед натри ихсэхийн хирээр усыг өөртөө татаж биед хуримтуулна. Ус хуримтлагдахад эргэлдэх цусны хэмжээ нэмэгдэхээс гадна эс завсрын шингэн ихэсдэг. Улмаар зүрхний ачаалал нэмэгдэх ба цусны судасны хананд үзүүлэх даралт нэмэгдэнэ. Гэхдээ давс артерийн даралтыг нэмэгдүүлэхээс гадна зүрх, гол судас ба бөөрийг шууд гэмтээдэг. Үүний зэрэгцээ яс сийрэгжилтийг эрчимжүүлдэг болох нь эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон. Иймд, давс нь зүрх болон тархины судасны өвчнөөс гадна хавдараар өвчлөх, ясны сийрэгжилт үүсэхэд нөлөөлдөг болох нь тогтоогдсон байдаг.

Хавдар

Хоол хүнсэндээ давс илүүтэй хэрэглэхэд ходоодны хавдараар өвчлөх магадлал нэмэгддэг. World Cancer Research Fund ба American Institute for Cancer Research зэрэг байгууллагаас давсыг ихээр хэрэглэх нь ходоодны хавдарын шалтгааны нэг болдог хэмээн олон нийтэд мэдээлсэн.

Ясны сийрэгжилт

Хоол хүнсэндээ давс ихээр хэрэглэхэд кальцийн ялгаралт эрчимждэг. Улмаар цусанд агуулагдах кальцийн агууламж багасч яснаас цус руу шимэгдэж нөхөгддөг онцлогтой. Яснаас кальци цус руу орох үйл явц эрчимжихэд яс сийрэгжих эмгэг үүснэ. Судалгаагаар цэвэршсэн эмэгтэйчүүд хүнсэндээ давс ихээр хэрэглэхэд натритай хамт кальцийн ялгарал эрс нэмэгдэж яс сийрэгжилтийг эрчимжүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Хоол хүнсэнд хэрэглэх давсны хэмжээг бууруулахад натритай хамт кальцийн ялгарал багасч эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь сийрэгжилт буурч ясны эдийн нягтшилыг сайжруулна.

Натрийг багасгаж калийг ихээр хэрэглэх нь зүрхэнд ашиг тустай

Натри нь зүрх судасны эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг үзүүлдэг бол кали эсрэгээрээ хамгаалах нөлөө үзүүлнэ. Их хэмжээгээр давс хэрэглэхэд артерийн даралт нэмэгдэж, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг. Харин калиар баялаг хоол хүнс хэрэглэхэд артерийн судасны тонус суларч, натрийг цуснаас гадагшуулахад туслана. Хүний биед өдөр бүр натриас илүүтэй кали шаардлагатай байдаг. Жимс жимсгэнэ ба хүнсний ногоо хоол хүнсэндээ ихээр хэрэглэхэд калийн хэмжээг нэмэгдүүлж натрийн агууламжийг бууруулна. Энэ нь зүрх судсанд хамгаалах нөлөө үзүүлдэг байна.

Эх сурвалж: www.unsick.me

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү