Л.Балхжав “Миний дуунууд-2018” үзэсгэлэнгээ нээлээ


2 сар

Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав өнөөдөр /2018.10.08/ “Миний дуунууд-2018” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээлээ. Монголын урчуудын эвлэлийн “Bluefin” танхимд үзэсгэлэнгээ нээгээд байна.

Нээлтийн арга хэмжээнд анхны уран бүтээлийг нь дуулж,  амилуулсан гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа, гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, хөгжмийн зохиолч Н.Халиун, залуу уран бүтээлч Ч.Очгэрэл, Б.Замилан зэрэг рок попын төлөөллүүд оролцсон юм.

Мөн Монголын рок попын дуучид болон тэдний тоглолтын торгон мөчийг хадгалсан гэрэл зураг, хөгжмийн зохиолч Л.Балхжавын хэрэглэдэг морин хуур, төгөлдөр хуур, гитар, түүний авсан шагнал, цом, дууны нот гэх мэт олон сонирхолтой зүйлс багтжээ.

Энэ үеэр гавьяат зүтгэлтэн Л.Балхжав “Өнөөдрийн билэг дэмбэрэлтэй сайхан өдөр UBS телевизийн уран бүтээлчид санаачлан орчин үеийн хөгжмийн урлагийн сүүлийн 20 жилийн түүхийг багтаасан гэрэл зургийн үзэсгэлэн маань нээлтээ хийж байна. Энэ үзэсгэлэнг би өөрөө ихэд шохоорхон, шимтэн үзлээ. Миний дуунууд концерт маань тасралтгүй 20 жил үргэлжлэн болж байгаад сэтгэл маш өндөр байна. Энэ бол ганцхан миний хөдөлмөр биш. Олон яруу найрагч, хөгжмийн зохиолч, хамтлаг, дуучин, уран бүтээлч миний ард бий. Энэ жилийн тоглолтоо өмнөх жилүүдийнхээс илүү онцгой хийхээр бэлтгэл хангаж байна” гэсэн юм.

Тэртээ 1999 онд анхны “Миний дуунууд” тоглолт тоглогдож байсан бол одоо 20 жилийн ой, хөгжмийн зохиолчийн урлагт зүтгэсний 45 жилийн ой энэ жил тохиож байна. “Миний дуунууд-2018” тоглолт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болно.

 

 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү