Татвар нэмсэн шийдвэрээ эргэн харахыг Ерөнхий сайдаас шаардахаар болжээ


6 жил

  УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа энэ оноос нэмэгдэж буй татвар, Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар З.Нарантуяа гишүүн “Монголбанк бие даасан нэрийн дор арилжааны банкнуудын зах зээл рүү орох гэх мэт дэмжих боломжгүй заалт олон орж ирсэн. Мөнгөний бодлогыг УИХ жил бүр баталж өгдгийг болиулж гурван жилд нэг удаа батлуулдаг болгохоор төсөлдөө тусгасан. Төв банк хараат бус байна гэдэг нь УИХ-аас хол байна гэсэн үг гэж ойлгоод байх шиг байна. Үнэндээ тийм биш. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд л оролцохгүй байх ёстой” гэв.

АН-ын бүлэг энэ сараас нэмэгдэж буй татвартай холботой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эдийн засаг үнэхээр л өсч байгаа юм бол татвар нэмсэн шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Татвар нэмсэн шийдвэрээ цуцлах хуулийн төсөл оруулж ирэхийг Засгийн газраас шаардаж байна. Мөн бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох шийдвэрийг эргэн сэргээхийг шаардаж байгаа” гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулах тухай асуудал байжээ. Уг хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулж, ирэх долоо хоногт хэлэлцүүлэг явуулахаар болсон байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү