Монгол Улс Камбожийн вант улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулав


7 жил

Бүгд Найрамдах Индонез Улсын Балид энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат болон Камбожийн Вант Улсын Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Мао Хаваннал нар Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Анх 1981 онд хоёр орны хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсанаас хойш эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирсэн байдаг.

Сайд Д.Ганбат “Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тээврийн харилцаа холбоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдөр энэхүү харилцаа холбооны нэг хэсгийг бий болгож байна. Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй Монгол орны хувьд агаарын тээврийн салбар бол тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын нэг” хэмээн Засгийн газраас агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогыг баримталж байгааг дуулгалаа.

Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлэх олон салбарын үйл ажиллагаанд өргөн боломжийг нээж өгч, салбарын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа соёл, шинжлэх ухаан төдийгүй, тээвэр, логистик, боловсролын салбарт өргөжин тэлж, агаарын тээврийн салбарын хөгжлөөр дамжин иргэд хоорондын харилцаа холбоо улам батжина гэдэгт санал нэгдэж тус хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү