Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжлээ


7 жил

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн барьсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хуралд олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралдд оруулах бүрэн эрх эдэлдэг.

Энэ дагуу зөвшилцөх саналд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан бичгээр хариу илгээсэн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдав. Монгол Улсын Ерөнхийлөгч хариу албан бичигтээ “Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай” албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 онд төрсөн, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1975-1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1985-1989 онд Батлан хамгаалахын их сургууль, 1992-1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1989-1990 онд Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-2000 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд зөвлөх, МАН-ын “Залуучуудын хөгжил” төвийн ерөнхий захирал, 2000-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар тус тус ажиллаж байсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.    

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү